Риог зорих “Аравт”
2016-07-19

Ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо болох “Рио 2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг  цувралаар танилцуулж байна. Өмнө нь шигшээ багийн боксчин, жудоч болон буудлагын спортын тамирчдыг танилцуулсан. Энэ удаад “Рио 2016” олимпийн наадмын дэвжээнд хүч үзэх чөлөөт бөхийн тамирчдыг танилцуулж байна. Манай чөлөөтийн эрэгтэй багийн тамирчид 24 жилийн дараа олимпод бүтэн багаараа оролцохоор болоод байгаа юм.

 

Г.Мандахнаран /65 кг/

 

 

Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран шагналт V байрт шалгарч, анхны олимпийн эрхийг эх орондоо авчирсан юм.

 

Ж.Чулуунбат /125 кг/

 

 

Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээний хамгийн хүнд жин болох 125 кг-ын жинд Ж.Чулуунбат хүч үзэж олимпийн эрхээ авсан. Тэрбээр  хүрэл медалийн төлөө Гүржийн Гено Петрашвилитай барилдсан ч ялагдал хүлээсэн юм.

 

О.Үйтүмэн /86 кг/

 

 

Өнгөрсөн гуравдугаар сард Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнээс манай бөх О.Үйтүмэн Бразил зорих эрхээ авсан. О.Үйтүмэн нь ”Алдар” спорт хорооны тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 2012 оны Зуны олимпийн наадамд оролцогч юм.

 

П.Өнөрбат /74 кг/

 

 

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд барилдсан П.Өнөрбат мөнгөн медаль хүртэж медаль хүртэж, олимпийн эрхээ авсан. Тэрбээр 1989 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ. 2000 оноос Дархан-Уул аймгийн “Мега-Старс” клубт дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 2006 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 

Э.Бэхбаяр /57 кг/

 

 

Тэрбээр мөн л чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ авсан. Гавьяат тамирчин ДАШТ-ийн хүрэл медальт тэрбээр өнгөрсөн онд УАШТ-ийн “Алтан Гран При”, “Mongolia open”, Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

 

Д.Хүдэрбулга /97 кг/

 

 

Туркийн Станбул хотноо энэ оны тавдугаар сард болсон олимпийн эрх олгох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд тэрбээр барилдаж эрхээ авсан. Тус тэмцээний хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпийн эрхээ авсан юм. Ийнхүү Д.Хүдэрбулга эрхээ өвөртлөснөөр манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Риог зорихоор болсон билээ.

 

О.Насанбурмаа /69 кг/

 

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо болсон. Тус тэмцээнд тамирчид амжилттай оролцож Бразил зорих эрхээ өвөртлөсөн юм. Түүний нэг нь Гавьяат тамирчин О.Насанбурмаа юм. Тэмцээний 69 кг-ийн жинд тэрбээр хүрэл медалийн төлөө Японы бөх Сара Дошотой барилдсан ч 5:6 онооны харьцаагаар хожигдсон. Гэсэн ч  "Рио-2016" олимпийн наадмын эрхээ өвөртлөж чадсан юм.

 

 

П.Орхон /58 кг/

 

 

Өнгөрсөн гуравдугаар сард Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний эмэгтэй 58 кг-ын жинд 10 бөх зодоглосноос олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Айым Абдильдинаг 15:2 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө энэтхэгийн бөх Малик Сакшитэй өрсөлдөж түүнийг цэвэр ялж олимпийн эрхээ авсан юм. Харин  алтан медалийн төлөө Киргизийн бөх Айсылуу Тунебыковатай барилдаж 5:10 онооны харьцаагаар хожигдсон билээ.

 

Э.Сумъяа /53 кг/

 

 

Казахстан улсын Астана хотноо Олимпийн эрх олгох сонгомол чөлөөт бөхийн тэмцээнээс манай тамирчин  Э.Сумъяа олимпийн эрхээ авсан. Гэвч сэргээш хэрэглэсэн шалтгаанаар "Рио 2016"-д оролцох эрхээ хураалгаад байв. Гэсэн хэдий ч  Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ түүний олимпийн эрхийг сэргээхээр болсон билээ.

 

С.Батцэцэг /63 кг/

 

 

“Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд МУГТ С.Батцэцэг зодоглоно. Түүнийг Лондонгийн олимпоос хүртсэн медалийн өнгөө өөрчлөх болов уу гэж итгэл хүлээлгэх хүн олон бий. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан байна. Тус чансааны тэргүүнд эгнээнд буюу нэгдүгээрт С.Батцэцэг тамирчин эрэмбэлэгдсэн байна.

 

Ийнхүү чөлөөт бөхийн төрөлд Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид 24 жилийн дараа анх удаа бүтэн багаар буюу зургаан жинд Риогийн дэвжээнд өрсөлдөх эрхтэй болоод байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Туркийн Станбул хотод болсон олимпийн эрх олгох тэмцээний 97 кг-д Д.Хүдэрбулга шигшээд шалгарснаар энэ боломж бүрдсэн.

 

Эрэгтэй чөлөөт бөхөөр нийт 39 орны бөхчүүд олимпийн эрхээ биелүүлсний дунд Азербайжан, Гүрж, Иран, Монгол, ОХУ, Турк гэсэн бөхийн орнууд бүтэн багаар буюу бүх жинд Бразилийн дэвжээнд өрсөлдөх болжээ.

 

“Рио-2016" олимпийн наадам эхлэхэд 17 өдөр үлдлээ. Энэ өдрүүдэд Монгол Улс олимпийн наадамд түүхэндээ анх удаа 42 тамирчнаа үдэн мордуулах гэж байна. Эх орныхоо нэр, алдар, бахархлыг дэлхийн тэртээд дуурсгах тамирчиддаа амжилт хүсье.

 

Бразилийн тэнгэрт Монгол төрийн далбаа олонтоо намираг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tungalag:
Tserenchimed geed ohin yasan bee
2016-07-20
Erkhambayar:
125kg Chulaanbat yamar ch amjilt olokhgui ee! KHairan zardlyn mungu!!!
2016-07-20
Зочин:
Медалын ургац хураах болтугай.Тамирчиддаа спортын их амжилт хүсье
2016-07-19
Зочин:
Бүгдэд нь амжилт хүсье.
2016-07-19