Буудалцааны үеэр дөрвөн хүн амиа алджээ
2016-07-19

Казакстаны Алмата хотын төвд өчигдөр буудалцаан болсон билээ.

 

“Нэг этгээд иргэд рүү гал нээж байна” хэмээн Алмата хотын иргэн “Ройтерс” агентлагийн сэтгүүлчид ярьсан юм. Тэгвэл уг үйл явдлын улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Зэвсэгт этгээд цагдаагийн газар руу нэвтэрч, гал нээсэн байна. Буудалцааны улмаас нэг иргэн, гурван цагдаа амиа алджээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбоотой хоёр этгээдийг баривчилсан аж.

 

Казакстаны Аюулаас хамгаалах хүчин уг хэргийг шалгаж буй бөгөөд халдлага болсон цагдаагийн газрын ойр орчмыг хяналтадаа авчээ.

 

Сүүлийн үед тус улсад зэвсэгт халдлага ихээр гарах болсон. Актобе хотноо өнгөрсөн сард зэвсэгт этгээдүүд цагдаагийн газар руу дайрч, зэвсгийн агуулахыг эзлэхийг завдсан юм. Уг халдлагаар долоон хүн амиа алдсан билээ. “Энэхүү халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий” хэмээн эрх баригчид мэдэгджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин