Халдлагаар 17 цэрэг амиа алджээ
2016-07-20

Мали улсын Нампала хотноо байрлах цэргийн баазад халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагаар 17 цэрэг амиа алдсан болохыг тус улсын Батлан хамгаалах яамнаас дамжуулжээ. Зэвсэгт этгээдүүд баазын шалган нэвтрүүлэх хэсгийн ойролцоо халдлага үйлдсэн аж. Баазад болсон халдлагын хариуцлагыг хоёр зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна.

 

Уг халдлагын дараа Ерөнхийлөгч  Ибрахим Боубакар Кейт Ерөнхий сайд болон Батлан хамгаалах яамны сайдыг хүлээн авч, аюулгүй байдлын асуудлаар ярилцсан байна. Ерөнхийлөгч халдлага үйлдэж, үүргээ гүйцэтгэж байсан цэргийн албан хаагчдыг хөнөөсөн этгээдүүдийг баривчлан, хуулийн дагуу шийтгэхээ уг уулзалтын үеэр мэдэгджээ.

 

Мали улсад 1000 дээш дайчинтай хэд хэдэн зэвсэгт бүлэглэл эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Саяхан байгуулагдаад буй “Фулани” гэх бүлэглэл цэргийн баазад болсон халдлагыг захиалсан болохыг мөрдөгчид тогтоожээ.

 

2013 онд Мали улс, Францын Засгийн газраас дэмжлэг хүссэн билээ. Уг хүсэлтийг Франц хүлээн авч, Франц болон НҮБ-ын энхийг сахиулагчид тус улсад ирж, өнөөг хүртэл иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин