Улаанбаатар
Засгийн газрын бүтцийг өргөн мэдүүллээ
2016-7-20

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2016.07.20/ өргөн мэдүүллээ.

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

 

 

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байхаар төсөлд тусгасан байна. Тухайлбал,

Монгол Улсын Ерөнхий сайд;

Монгол Улсын Шадар сайд;

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

Гадаад харилцааны сайд;

Сангийн сайд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Батлан хамгаалахын сайд;

Барилга, хот байгуулалтын сайд;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

Зам, тээврийн сайд;

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

Эрчим хүчний сайд;

Эрүүл мэндийн сайд.

Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна. Батлан хамгаалахын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгасан байна.

 

 

Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Хүүхдийн төлөө газрыг – Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Гааль, татварын ерөнхий газрыг – Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар

Нийгмийн даатгалын ерөнхий газрыг – Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг – Үндэсний статистикийн хороо

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх замаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
dddd:
Маш зөв болжээ өмнөх засгийн газрын алдааг зассан сайн бодлого байна шүү ард түмэн бид дэмжиж байнааа
2016-07-20
судлаач:
Зөв болжээ. Өмнөх Засгийн газрын алдааг залруулжээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтыг нэг яам хариуцвал зохимжтой байсан юм. Мэргэжлийн засгийн газар гэдгийг сонгуулийн сурталчилгаанд , тэрчлэн ерөнхий сайд тайлбарлаж байсныхаа дагуу мэргэжлийн, тухайн салбартаа ажиллаж байсан, салбартай танигдсан, мэдлэг чадвар, туршлагатай, нэр цэвэр , идэвхи зүтгэлтэй хүнийг сонгох зарчимыг хатуу баримтлах хэрэгтэй. 2012 онд намыг удирдаж сонгуульд унагасан, Оюу толгой г.м асуудалтай холбоотой хариуцлага тооцох ёстой хүнийг хэрхэвч гаргаж болохгүй. 2020 онд ялах алсын зорилготойгоор одооноос бүх томилгоо, ажлаа төлөвлөж хийгээрэй. Намын гишүүд маань би ч чадна гээд өрсөлдөөд байлгүй дээрх шалгуураар зөв хүнээ сонгоорой. АН-ын болон өөрсдийн өмнөх алдааг битгий давтаарай. Улс орны хөгжлийн хариуцлагатай үе шүү.
2016-07-20
зочин:
Сайдуудад давхар дээл хэрэггүй. Эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг боддог, үнэнч шударга, өндөр мэдлэг боловсролтой,хариуцлагатай хүн байх, Ажлаа мэддэг,өндөр мэдлэг боловсролтой,зүтгэлтэй,хариуцлагатай,үнэнч шударга хүмүүсээ төр анхаарах хэрэгтэй шүү.Одоо юм мэдэхгүй хүн их болсон.Улс орноо хөгжүүлэхэд шударга, үнэнч,хариуцлагатай, мэдлэгтэй хүн чухал шүү. Үүнд онцгой анхаараарай.
2016-07-20
Зочин:
Маш зөв болсон байна
2016-07-20