АНУ-д 400 жирэмсэн эх халдвар авчээ
2016-07-22

Зика вирусын халдвар авсан 400 гаруй жирэмсэн эх байгаа талаар АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эрүүл мэндийн ажилчид өнгөрөгч долоо хоногт 39 эх халдвар авч, тус вирусын халдвартай долоон хүүхэд мэндэлсэн болохыг баталсан талаар “www.dailymail.co.uk” дамжуулжээ.

 

АНУ-ын эрх баригчид зика вирусын халдвартай иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдээ ирэх наймдугаар сард Рио Де Женейро хотноо эхлэх зуны олимпийг үзэхгүй байх, мөн шаардлагатай биш бол зика бүртгэгдсэн улс руу зорчихгүй байхыг уриалсан юм.

 

Зикатай хэмээн тусгаарлагдаад буй иргэдийн ихэнх нь халдвартай бүс нутгуудад зорчих үедээ халдвар авсан нь тогтоогджээ.Мөн тус улсад бэлгийн замаар зикагийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд байна.

 

ДЭМБ уг халдвар дэлхийн 49 оронд бүртгэгдсэн гэв. Зикагийн халдвар ургийн тархины хөгжлийг зогсоож, улмаар хараа болон ярих чадварт нөлөөлдөг болохыг Колумбын их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин