Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийг авлига авсан, мөнгө угаасан хэмээн буруутгаж байна. АНУ-ын Хууль хяналтынхан уг хэргийг шалгаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Саудын Арабын хааны гэр бүл 2013 онд Ерөнхий сайдын хувийн данс руу мөнгө шилжүүлсэн болохыг Малайзын тал тогтоосон юм. Харин уг мөнгийг Ерөнхий сайд “бэлэг” хэмээн тайлбарласан билээ. Өнөөг хүртэл Саудын Арабын хааны гэр бүл уг асуудлаар тайлбар хийгээгүй байна.
Дээрх хэргээс гадна Ерөнхий сайдыг төрийн өмчийн “1MDB” гэх хөрөнгө оруулалтын компанийн тусламжтай мөнгө угаасан хэмээн буруутгаж эхэлжээ. Энэхүү компанийг 2009 оны нэгдүгээр сард байгуулсан юм. Ерөнхий сайд уг компанийн тусламжтай өөртөө ашигтай олон зуун гэрээг байгуулан, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан аж.
Компанийн гадаад өр 11 тэрбум ам.долларт хүрчээ. Америкчууд уг компанийн санхүү бүртгэлтэй танилцаж эхэлсэн бөгөөд нэг тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн болохоо Малайзын Засгийн газарт мэдэгджээ.
Хууль хяналтынхан 135 хуудас бүхий нотлох баримтыг өчигдөр Лос Анжелесийн шүүхэд өргөн барьсан байна. Нэрээ нууцалсан гэрч “Нотлох баримтад Ерөнхий сайдын гэр бүл хүртэл уг хэрэгтэй холбоотой болохыг тогтоосон” хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |