Спортын арбитрын шүүх шийдвэрээ хэвээр үлдээв
2016-07-22

ОХУ-ын тамирчдыг зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн хэмээн Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагаас мэдээлж, “Рио 2016” олимпод оролцохыг хориглосон билээ. Тэгвэл Спортын арбитрын шүүх “Рио 2016” олимпод ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг орохыг хориглосон шийдвэрээ хэвээр үлдээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Харин уг шийдвэрийг ОХУ-ын Спортын яам, Олимпийн хороо эрс эсэргүүцэж “Сэргээшийн асуудалд нэр холбогдоогүй ОХУ-ын 68 тамирчинг “Рио 2016” олимпод оролцохыг зөвшөөрөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

“Спортын арбитрын шүүх шийдвэрээ гаргасан учир ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын ихэнх нь “Рио 2016” олимпод оролцох боломжгүй боллоо” хэмээн албаны эх сурвалж “TASS” агентлагт ярьсан аж.

 

“Гадаадад бэлтгэл сургуулилтаа хийж, амьдардаг тамирчид сэргээш хэрэглээгүй гэдгээ баталж чадвал олимпод орох эрх нээлттэй” гэдгийг Спортын арбитрын шүүхээс мэдээллээ. Одоогоор уртын харайлтын тамирчин Даръя Клишина болон дундын зайн гүйгч Юлия Степанова нар олимпод оролцох эрхээ аваад байна. Тэд АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийдэг билээ.  

 

Дэлхийн олимпийн хороо ОХУ-ын тамирчдыг хэрхэх талаар хэлэлцэж буй бөгөөд энэ долоо хоногт шийдвэрээ танилцуулна хэмээн тус хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин