Д.Төмөрхүлэг С хэсгийг тэргүүлнэ
2016-07-27

 

Наймдугаар сарын 7-нд буюу "Рио-2016" наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Энэ жинд манай гол найдваруудын нэг Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, Женко клубийн тамирчин ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг зодоглоно. Тэрбээр дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд сугалаанд С хэсгийг тэргүүлэн барилдана. Түүнтэй тэмцээний чансааны долоод Азербайжаны Нижат Шихализада орох бөгөөд хэсгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа юм.

 

Манай бөх хэсгээ тэргүүлбэл D хэсгийн аваргатай хагас шигшээд учраа таарах бөгөөд тус хэсгийг ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОХУ-ын Михайл Пудьяев тэргүүлэн барилдана. Түүнтэй D хэсэгт ДАШТ-ий хүрэлтэй Израйлын Голан Поллак хуваарилагдах юм. Харин А хэсгийг дэлхийн шинэ аварга БНСУ-ын Ан Баул тэргүүлэх бөгөөд Европын аварга Гүржийн залуу од Ваза Маргвелашвилитэй хамт хуваарилагдсан. Мөн дэлхийн аварга Украины Георгий Зантария, Японы алдарт бөх дэлхийн гурван удаагийн аварга Масааши Эбинүма нар В хэсэгт оноолт таарах нь тодорхой болоод байна.

 

Жүдо бөхийн 66 кг-ын жинд 35 бөх барилдана.

Shuud.mn
Сонин хачин