Цэргийн гавъяаны одонгоор шагнав
2016-07-29

Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар анги үүсэн байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн босгон дээр тус ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор өчигдөр шагналаа.

 

 

“Цэргийн гавьяаны одон” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон үе үеийн ахмад хилчид, алба хаагч, нийт бие бүрэлдэхүүн  оролцов. Тус ангийн  үе үеийн хилчдийн  хөдөлмөр, гавьяаг төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнав. Шагналыг  МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан гардууллаа.

 

Шагнал гардуулсны дараа тэрбээр “Улс орны газар нутаг торгон хилээс эхлэлтэй. Тэрхүү хил нь хилчин та бүхний өдөр шөнийн манааны үр дүнд амар амгалан байж, Монгол Улсын оршин тогтнохын үндэс, сүлдэт багана тайваг байдаг юм. Иймд улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй эрхэм хилчид та бүхэн цаашдаа хилийн бүс, зурваст амьдарч буй орон нутгийн ард иргэддээ нээлттэй байж, хил хамгаалалт, хилийн анги салбарынхаа туслах аж ахуйн шилдэг туршлагаа хуваалцдаг, үргэлж манлаалайгчид нь байгаарай. Төрийн дээд одонгоор шагнагдсан танай хамт олонд  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, ойн баярын мэндийг дэвшүүлье”  хэмээн амжилт хүсэж, баяр хүргэлээ.

 

Хилийн 0108 дугаар анги нь анх Дотоодыг Хамгаалах Газрын даргын 1926 оны тавдугаар сарын 1-ны өдрийн тушаалаар Байцаан өнгөрүүлэх салбар болон байгуулагдаж байжээ. Улмаар 1990 онд Шалган нэвтрүүлэх тусгай боомт, 1994 онд Шалган нэвтрүүлэх хороо, 2002 онд шалган нэвтрүүлэх анги болон өргөжсөн байна.

 

 Тус ангийн хамт олны эгнээнээс  генерал нэг, хурандаа 20, улсын цолтой бөх хоёр, соёлын тэргүүний ажилтан тав,  Хүндэт ба Онц хилчин 400 гаруй төржээ.  

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин