”Олимпийн өвөө” Ш.Магван 24 дэх олимпдоо очжээ
2016-08-03

Монголын олимпийн өвөө Ш.Магван 24 дэх олимпдоо хүрэлцэн иржээ

 

Монголын олимпийн өвөө гэж тамирчид төдийгүй нийт ард түмний хайр­лан хүндэлдэг ОУОХ-ны хүндэт гишүүн, 90 настай Ш.Магван Рио-Де-Жанейрод хүрэлцэн иржээ. Анх 1977 онд Прага хотноо болсон ОУОХ-ны чуулганаар тус холбооны гишүүнээр сон­гог­дож, 2009 онд хүн­дэт гишүүнээр өргөмжлөгдсөн тэрээр өвөл, зуны нийлээд 24 дэх олимпдоо ирсэн нь энэ билээ. Тэрээр 1972 оны Мюнхений олимпоос хойш 1984 оны Лос-Анже­лесийнхээс өөр өвөл, зуны нэг ч олимпийг алгасаагүй юм. Рио-Де-Жанейрогийн “Windsor Marapendi” зочид буудалд байрласан тэрээр өчигдөр эхэлсэн ОУОХ-ны ээлжит чуулганд оролцож байгаа юм.

 

МҮОХ-ны нарийн бичгийн дарга Ж.Отгон­цагааны мэдээлж буйгаар, олимпийн хотхоны “Cidade” байранд манай улсын баг тамирчид Казахстан, Узбекистан, Киргиз, Египет, Марокко, Суданыхантай хамт байрлаж байгаа аж. Тус байранд нэг удаа олон цагаар тог тасарч цагтаа ирэлгүй нэлээд удсан гэнэ. Мөн цэвэрлэгээ үйл­чилгээний талаар гом­дол тасрахгүй байсан тул зохион байгуулах хороо нь тохижилт үйлчилгээний компанийг солиход хүрчээ.

 

Түүнчлэн 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Австралийн баг цэвэрлээгүй бохир шал, ус алдсан угаалгын өрөө, гэрэлтүүлэггүй цахилгаан шаттай байрыг нь зохих ёсоор янзлах хүртэл орохоос татгалзан хэд хоног ойролцоох зочид буудалд хоног төөрүүлэхэд хүрчээ. Үүгээр зогсолгүй байрандаа сая нэг төвхнөхөд хулгай гарч зөөврийн компьютер, тамирчдын хувцас хунар алдагдсан байна. Дээр нь байрных нь хонгилд бага хэмжээний гал гарч сандаргажээ.

 

Энд тэмдэглэхэд, олимпийн наадамд Австрали, АНУ, Их Британи, Норвег, ОХУ, Саудын Араб гээд олон орны баг өөр өөрийн хамгаалалтын албатай хүрэлцэн ирсэн аж. Гэхдээ олимпийн хотхоны хамгаалалтын ажилтнууд үүрэгт ажлаа найдвартай сайн гүйцэтгэж буйг бүгд сайшааж байгаа гэнэ.

 

Товчдоо бол зарим нэг жижиг сажиг зөрчил, доголдлыг эс тооцвол 207 орны арван мянга гаруй баг тамирчдын гэр болсон олимпийн хотхонд амьдрал буцалж, элдэв ноцтой асуудал, хүндрэл гараагүй ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.БАРС

Shuud.mn
Сонин хачин