Ногоон байгууламжийг хоёр дахин нэмэгдүүлнэ
2016-08-03

Гэрэл зургийг MPA.mn

 

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум гурав дахь жилдээ энэ сарын 3-5-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус форумыг угтан “Хотын ногоон шийдлүүд 2016” үзэсгэлэнг Чингисийн талбайд нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ким Де Ридер болон форумд оролцох БНХАУ-ын Инуан, Чанчунь, БНСУ-ын Пусан, Унгар улсын Будапешт зэрэг  20 гаруй орны хотын дарга, төлөөлөгч оролцов.

 

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачилгаар анх 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Улмаар жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тус форум нь энэ жил “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд явагдах ажээ. Иймд “Хотын ногоон шийдлүүд 2016” үзэсгэлэнг гурав дахь жилдээ нээж буй юм байна.

 

Энэхүү үзэсгэлэнд “Эко орчин” ХХК, “Юнигаз” ХХК, “Горгаз” ХХК зэрэг 50 гаруй аж ахуй нэгж, компани оролцож байна. Оролцогч компаниуд эко эрчим хүч, эко цахилгаан, дулаан, эко тээвэр, эко үйлдвэрлэл гэсэн дөрвөн сэдвээр бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа. Тус үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг бизнест нэвтрүүлэхэд оршиж байгаа аж.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Аз жаргал гэдэг нь тухайн хотын ард иргэдийн сэтгэл ханамжийн асуудал юм. Энэ нь тухайн хотын ногоон байгууламжтай шууд холбоотой байдгыг судлаачид нэгт тогтоосон билээ. Тиймээс энэхүү үзэсгэлэнд танилцуулагдаж буй ногоон технологийн шийдлүүд нь “Аз жаргалтай хот” хөтөлбөртэй нийцэж байгааа нь ихээхэн ач холбогдолтой юм.  Бид ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын ногоон байгууламжыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Улмаар тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг ашиглан, хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.

 

 

Мөн Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ким Де Ридер “Энэхүү үзэсгэлэнг нээснээр манай бүс нутгийн 50 гаруй компани, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан шинэ бүтээгдэхүүн, технологитой биечлэн танилцах боломжтой болж байна. Энэхүү технологууд нь цаашдаа хотуудын захиргаа, холбогдох байгууллагад дэд бүтцээ шинэчлэн өөрчлөхөд тус дөхөм болохоор онцлогтой” хэмээсэн юм.

 

Монгол Улсын эрчим хүчний нийт суурьлагдсан хүчин чадлын 8 хувь нь сэргээгдэх эрчим хүч бол үйлдвэрлэдэг нь 2-3 хувийг эзэлдэг байна. Бусад улстай харьцуулахад энэ тоо бага ч Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд 2020 онд сэргээгдэх эрчим хүчний суурьлагдсан хүчин чадлыг 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл манай улсын эрчим хүчний хүчин чадал 30 хувьд хүрэх боломжтой гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн хэлстийн дарга Ц.Атаржаргал хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Pusan bish Busan
2016-08-03