Өрөөсгөл хүр эрвээхэй нүд сохлох аюултай
2016-08-03

 

Манай орны 16 аймгийн 80 сум болон Улаанбаатар хотын баруун хэсгээр эрвээхэй олшроод байна. Тус эврээхэй нь хүний нүд сохлох, харшил үүсгэх аюултай тул нэн даруй устгахыг эрдэм шинжилгээний ажилтнууд зөвлөлөө.

 

Олноор цуглаад буй тус эрвээхэйг “Өрөөсгөл хүр эрвээхэй” хэмээн нэрлэдэг байна.  Энэхүү эрвээхэй Сибирт гарсан түймрээс дайжин манай улсыг дайран нүүдэллэж байгаа тухай мэдээлэл бий. Гэвч өрөөсгөл хүр эрвээхэй түймрийн улмаас олшроогүй гэдгийг Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Чулуунжав хэлж байна.

 

Түүний хэлж буйгаар манай улсад гурван төрлийн эрвээхэйний олшролт 5-6 жилийн давтамжтай явагддаг байна. Тиймээс энэ жил байгалийн жамаараа олшролтын үе нь таарчээ. Мөн тус эрвээхэй нь 150 гаруй километр газарт нүүдэллэх боломжтой учраас гадны улсаас манайд нүүдэллэн ирэх боломжгүй аж.

 

Өрөөсгөл хүр эрвээхэйний хор, хөнөөлийн тухай эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Чулуунжав “Энэ эрвээхэйний далавч нь гадна талаараа хайлсаар бүрхэгдсэн байдаг. Түүнээс нь янз бүрийн харшил үүсдэг.  Мөн хүний нүд сохлох ч аюултай. Тиймээс харагдсан даруйд нь нэн даруй устгах шаардлагатай. Түүнчлэн модны навчны шим, шүүсийг сорж, модийг устгадаг учраас байгаль орчинд асар их хөнөөлтэй.  Богд уулын мод навчгүй болж гандсан нь ч үүнтэй холбоотой” хэмээсэн байна.

 

Уг өрөөсгөл хүр эрвээхэйний голомт Хөвсгөл, Завхан аймгийн хойд хэсэг Сэлэнгэ Дорнод, Батсүмбэр зэрэг навчит шилмүүст ойтой газар байдаг ажээ.

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин