Амжилт тэднийх байг
2016-08-04

Нэгхэн хоногийн дараа Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам эхлэх гэж байна. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг  манай сайт сарын өмнөөс цувралаар танилцуулсан. Энэ удаад зуны XXXI олимпийн байт харвааны төрлөөр цэц мэргэнээ сорих тамирчин болон хүндийн өргөлтийн төрлөөр оролцох тамирчинг танилцуулж байна. Тэд тус бүрийн төрөлдөө ганцаар эх орноо төлөөлөн өрсөлдөх байсан. Харин тун саяхан Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос ОУХМ Ө.Чагнаадоржид олимпийн эрх олгосноор хүндийн өргөлтийн төрлөөр хоёр тамирчин олимпод өрсөлдөхөөр болсон юм.

 

ОУХМ Ж.Гантөгс

 

 

Өнгөрсөн онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авсан юм. Байт харвааны тамирчид өмнө нь “Мюнхен 1972”, “Монреал 1976”, “Москва 1980”, “Сөүл 1988”, “Барселона 1992”, “Атланта 1996”, “Лондон 2012” зэрэг зуны Олимпийн наадамд оролцож байсан.

 

ОУХМ М.Анхцэцэг

 

 

Узбесктаны нийслэл Ташкент хотноо болсон "РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин М.Анхцэцэг амжилттай оролцож олимпийн эрх өвөртөлсөн юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д өрсөлдсөн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн, Азийн аварга болсон. Улмаар Монголын хүндийн өргөлтийн шигшээ баг багийн дүнгээр IV байрт шалгарч, Рио-2016 олимпийн хүндийн өргөлтийн 75 кг-ийн жинд өрсөлдөх нэг эрхтэй болсон билээ.

 

ОУХМ Ө.Чагнаадорж

 

 

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос ОХУ-ын шигшээ багийг сэргээшийн асуудлаас болж хасч эрэгтэйчүүдийн эрхийг Серб, Хорват, Белги, Сальвадор, Монголын хүндийн өргөлтийн тамирчдад шилжүүлэн олгохоор болсон юм. Улмаар ОУХМ Ө.Чагнаадорж Бразилийг зорихоор болсон билээ. Тэрбээр 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ болон 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилттай оролцож байсан. Энэ жил Баянзүрх дүүргийн 53-р дунд сургуулийн 12 дугаар ангийг төгссөн 19 настай тамирчин юм.

 

ОУХМ Ж.Гантөгсийн тэмцээн энэ сарын 5-нд /маргааш/ эхэлнэ. Тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.

 

Харин ОУХМ Ө.Чагнаадорж хүндийг өргөлтийн 56 кг-ийн жинд энэ сарын 7-нд хүч үзнэ. Мөн тус төрөлд өрсөлдөх ОУХМ М.Анхцэцэгийн тэмцээн буюу хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жингийн барилдаан энэ сарын 12-нд эхлэх юм байна.

 

Тамирчиддаа амжилт хүсье. Амжилт тэднийх байг.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин