Улаанбаатар “Хотын ногоон өсөлт”-ийг ямагт дэмжинэ
2016-08-04

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын  гурав дахь удаагийн форумыг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 


 

Зуны дэлгэр сайхан  энэ өдөр  Монгол Улсын  нийслэл  Улаанбаатар хотыг  зорин  “ Хотуудын ногоон өсөлт, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд  чуулахаар хүрэлцэн ирсэн    эрхэм хүндэт  зочид, төлөөлөгчид та бүхнийг  манай хотод тавтай зочлохыг хүсье.



Сар хүрэхгүй хугацааны өмнө  Улаанбаатар хотноо дэлхийн  53 орны төр засгийн   өндөр дээд хэмжээний  Ази Европын   11 дэх удаагийн чуулга уулзалтын дараа  энэ удаагийн форум болж байгаагаараа өмнөх   хуралдаануудаас онцлог гэдгийг тодотгоё.


 
Энэ өдрүүдэд бид дэлхий нийт, бүс нутгийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа  “Эрчим хүчний ногоон шийдлүүд”- ийн талаар хөндөн ярилцаж,  Зүүн хойд Азийн хотуудын хөгжилд дэвшил авчрах  хэлэлцүүлгийг өрнүүлж,  уриалга  гаргана гэдэгт  Улаанбаатар хотын дарга би итгэлтэй байна.


 
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум нь  3 дахь жилдээ  чуулж байна.  Өмнөх  2 жилийн форумд  хотын дарга нар  олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж,   иргэдийн тав тухтай амьдралыг хангах орчин үеийн  шийдлүүдийг авч хэлэлцэн, уриалга  гаргасан билээ.  Бид зөвхөн  Зүүн хойд Азийн хотуудын асуудлыг биш даяаршиж байгаа дэлхий ертөнцийн  бүхий л  хотод  тулгамдаж байгаа  сэдвийг хөндөж ярилцдаг нь энэ форумын онцлог, үр дүн  юм.



Өнгөрсөн оны  форумаас  гарсан уриалгыг Улаанбаатар хот 2015 оны 12 дугаар сард Парис хотод болсон Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-д өргөн барьж танилцуулсныг Та бүхэнд  өнөөдөр энэ индэр дээрээс дуулгахад  таатай байна.



Хот болгонд өөрийн онцлогоос хамаарсан шийдвэрлэх шаардлагатай олон  асуудлууд байгаа хэдий ч эрчим хүчний эх үүсвэр, үйлвэрлэл, хангамж нь нийтлэг асуудал бөгөөд ойрын хугацаанд нөөцийн хэмнэлттэй, ногоон шийдлээ хүлээж байна. Бүс нутгийн хотууд энэхүү асуудлыг шийдэж чадсанаар Нэгдсэн үндэстний байгууллагаас  дэвшүүлж Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал ач холбогдолтой.


 
Тиймээс бид бүс нутгийн хотуудад тулгамдаж буй асуудлуудыг нэгдэн хэлэлцэж, туршлага солилцон, оновчтой шийдвэрлэх арга замаа хамтран эрэлхийлж, хамтран хэрэгжүүлж ажилласнаар бүс нутгийн болон дэлхийн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах юм.  



Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, аюулгүй ногоон хотыг цогцлоох үүднээс бид “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлага” болон үндэсний Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги, үйл ажиллагаа”-г тодорхойлж, батлан, хэрэгжүүлж эхлээд  байна.


           
Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан уриалгыг боловсруулж, хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрдэх юм.



Улаанбаатар хот “Хотын ногоон өсөлт”-ийг ямагт дэмжиж, манлайлан  оролцоно гэдгээ илэрхийлье.  Ногоон хөгжлийг хангасан  "Ногоон хот" болох зорилтыг бид тавьж байна.



Эцэст нь  хэлхэд  “Хотын ногоон  хөгжил”-ийн асуудлаар    тогтмол уулзалтыг зохион байгуулж,  хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, хөгжлийн бодлого чиг хандлагаа нэгтгэхэд энэ форумын бас нэг ач холбогдол оршиж байна.


            
Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа  дэлхийн цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд  Зүүн хойд Азийн хотууд манлайлагч байж, өөрсдийн  өмнө тулгамдсан  болон  нийтлэг  эрх ашгийг хөндсөн  асуудлаар хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, хамтын шийдлийг гаргаж, олон улсын тавцанд тэргүүлэгч байхыг  уриалж байна.


 
Энэ хуралд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчид өчигдөр  манай   хотод ирэхэд  37   хэмийн халуун байсныг  анзаарсан байх. Өнөө өглөө 30  хэмийн  дулаан байна.  Жилээс жилд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод цаг уурын өөрчлөлт илт мэдрэгдэх болсон. Та бүхэн үүнийг  энэ өдрүүдэд анзаарна.



Ийм   цаг үед  нарлаг Улаанбаатар хотод  Зүүн хойд Азийн хотууд, бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэхээр ирсэн зочид , төлөөлөгчид Та бүхэндээ  Улаанбаатар хотын иргэдийн өмнөөс болон хувиасаа  тавтай морилно уу гэж урья.  



Зүүн хойд Азийн хотын  дарга нарын 3 дахь удаагийн форум нээснийг мэдэгдье.

Shuud.mn
Сонин хачин