Бразилд саатаарай
2016-08-09

 

Дүрслэх урлагийн музейд залуу уран бүтээлч Б.Намуун өөрийн бие даасан "Oir-Rio-2016" гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээжээ. Тус үзэсгэлэнд зуны XXXI олимп болж буй Бразил орны тухай сонирхолтой гэрэл зургууд дэлгэсэн байна. Мөн тус улсын соёлыг илтгэх инстоляц урлал бүхий өвөрмөц шийдэлтэй бүтээлийг байршуулжээ.

 

Уран бүтээлч Б.Намуун үзэсгэлэнгийн тухайд “Надад долоон сарын хугацаанд Бразил улсад амьдрах завшаан тохиосон юм. Тэр хугацаанд тэр гоё улс орны сайхныг биширсээр байгаад ирсэн л дээ. Аялж, үзэж харах, судлах юм дуусна гэж үгүй. Ер нь очмогцоо үзэж харсныхаа тухай, төрсөн сэтгэгдлээ уран зургаар буулгах санаа төрсөн юм. Гэтэл гэрэл зургийнх нь түрүүлчихлээ (инээв). Би гэрэл зураг сонирхогч. Сэдэвчилж зураг дарах дуртай. Миний сонирхол хүсэл Бразилд очиход зүгээр суулгахгүй байлаа. Тэгээд л үзэсгэлэнт газруудаар нь аялж байлаа. Тэр аяллуудын  замын тэмдэглэл маягтайгаар гэрэл зургуудаасаа дээжилж үзэсгэлэн болголоо” хэмээв.

 

Үзэсгэлэнгийн зургуудаа уугуул иргэд, байгаль, ургамал, шувууд, хүмүүс, Рио хот гэсэн байдлаар ангилж дараалуулж байршуулсан байна. Эхний хэсэгт Бразилийн Туюука омгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын дүр зургийг буулгажээ. Энэ мэтчилэн 1500 гаруй гэрэл зургаас сонгон 50 шилдэг зургийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.

 

"Oir-Rio-2016" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 5-наас 21-ныг хүртэл Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх юм байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин