Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газар иргэн Наранзулыг бөө нэртэй Д.Болд-Эрдэнэ гэгч бөөгийн чанар авхуулна хэмээн халуун чулуугаар түлж, амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд гарчээ.
Талийгаач Наранзулыг сэжигтэн Д.Болд-Эрдэнэ бөөгийн чанар авхуулна гэх нэрээр гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлснээр амиа алдахад хүргэжээ. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж, амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна
Бөөгийн чанар авхуулна хэмээн хүний аминд хүрсэн Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан гэх үндэслэлээр Төв аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх аж.