Монголч эрдэмтдийн их хурал өндөрлөлөө
2016-08-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор таван жил тутамд нэг удаа болдог Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурал 2016 оны 8 дугаар сарын 15–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай чуулан, өндөрлөлөө.

 

 

Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтдийн их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” үндсэн сэдвийн дор “Монгол хэл бичгийн судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиолын судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монгол гадаад харилцааны судлал” гэсэн 5 үндсэн салбар хуралдаантайгаар зохион байгуулагдлаа.

 

Өнөөдөр болсон хаалтын ёслолын ажиллагаан дээр тус их хурлын үйл ажиллагааг дүгнэж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил хэлсэн үгэндээ монгол судлалыг олон улсад хөгжүүлэх үйлсийг түүчээлж, бие сэтгэлээрээ монгол судлалд хүчин зүтгэж, үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа монгол судлаачдад талархал илэрхийлэн эрдмийн их үйлсэд нь амжилт хүслээ.

 

Түүнчлэн, аливаа улс үндэстний оршин тогтнох тулгуур үндэс нь үндэсний хэл, түүх, өв соёл, уламжлал байдаг тул монгол түмэн өв соёлоо танин мэдэх, эрхэмлэн дээдлэх, үеийн үед өвлүүлэн түгээхэд монгол судлаачдын судалгаа чухал зүг чиг болдгийг хэллээ. Ялангуяа, гадаадын монголч эрдэмтэд монголчууд биднийг өөр сэтгэлгээ, өөр үнэлэмжээс харж судалдаг учир монгол үндэстний хувьд өөрсдийгөө илүү танин мэдэх, тольдон харах тод өнцөг болдгийг онцоллоо.

 

Тэртээ 1959 онд Улаанбаатар хотноо анх чуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурал нь өнөөгийн Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын шавыг тавьсан төдийгүй дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн Олон улсын монгол судлалын холбооны эхлэлийг тавьсан түүхтэй юм.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энхбаярын үед баахан шагнал олгодог байсан бол Эби үед хэрэгтэй хээггүй хурал ард түмний мөнгийг үрэх юм аа
2016-08-19