Бодлогын хүүг дагаад бондойх нь банкууд
2016-08-22

Төгрөгийн ханш уналт ба үүний эсрэг бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэсэн шийдвэрийг тойрсон санал шүүмжлэл их байна. Энэ тухай ярихын өмнө  нэг уриалгаас иш татья.

 

 

Зээлийн өндөр хүүг буулгаж өгөөч

 

Үүнийг найр наадам АСЕМ-ийн дуулианд дарагдаад төдий л олонд хүрээгүй ч амьдралаас урган гарсан шаардлага гэж болно.

 

“...Бид олон мянган зээлдэгчийн өмнөөс эдийн засгийн байдал ийм хүнд байгаа үед, жилд 15 хувиас дээш хүүтэй зээлийнхээ хүүг буулгаж монгол ахан дүүсийнхээ аж амьдралд цаашилбал улс орныхоо эдийн засагт хувьтай нэмэр оруулаач гэсэн утга бүхий хүсэлтийг банкуудын Төлөөлөн удирдах зөвлөл буюу зээлийн хүүг бууруулах шийдвэрийг гаргах эрх бүхий цөөн хэдэн хүнд хандах гэж байна... Үүний тулд “зээлийнхээ хүүг бууруулаач” эсвэл “дэмжиж байна” гэсэн хүсэлт бүхий мессежийг ..... дугаар утсанд явуулна уу...” гэсэн уриалга сошиал хүрээнд явж байгаа юм. Харин үүнд хариулт болгох мэт өнгөрөгч долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж түүхэн дэх дээд хэмжээнд буюу 15 хувьд хүргэснээ зарлалаа.

 

Монголбанк бодлогын хүүгээ нэмэх нь макро түвшинд засал хийж эдийн засгаа босгохоо амлаад байгаа Ерөнхий сайдын танхимын анхны шийдвэр боллоо гэж дүгнэж болох. Шинэ засгийг хуучны ПОП амлалттай арга барилд шахан алхам бүрийг нь буруутгаад байж болохгүй л дээ.

 

Мөнгөний нийлүүлэлтийг багасгаж төгрөгийн чанарыг нэмэх зорилго тээсэн энэ шийдвэрийг бол доороо хэчнээн хатуу тусах ч маргаашаа бодоод хувьдаа дэмжиж байгаа юм.

 

Яагаад?

 

Сангийн сайдын тавьсан тайланг харья. “...2016 оны эхний 6 сарын байдлаар дотоодын нийт хадгаламж 7.9 их наяд, харин зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд төгрөг болж, макро эдийн засгийн тэнцвэр 4.1 их наяд төгрөгөөр алдагдаад байна. Нөгөөтэйгүүр, банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1.9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15.5 хувьд хүрч, 2011 оныхоос 11.6 дахин өссөн байна...”

 

Эдийн засгийн өсөлт саарахад банкны салбарт дарамт үүсдэг нь жам гэдэг. Санхүүгийн хямрал даамжирвал нийгмийн эмзэг хэсэгт хамгийн хүчтэй тусдаг. Хямралын үед ийм  хямралаас сэргийлэх нь чухал гэж эдийн засагчид байнга сануулахыг олонтоо сонссон.

 

Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүй их хэмжээний мөнгийг зах зээлд хэвлэн нийлүүлсэн нь эдийн засгийг хямраах нэг үндсэн шалтгаан болсон гэсэн дүгнэлт гараад байгааг Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдэл дотроос ялгаж авч хувцаалцах ёстой. Үүний уршгаар банкны системийн эрсдэл нэмэгдсэн, гадаад валютын нөөц эрс буурч, төгрөгийн ханш сулрах болсныг эдийн засагчид зөвшөөрөөд байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгааг мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэн нэг жишээ гэж болно. Үүнийг засахын тулд бодлогын хүүгээ нэмсэн гэж харагдаж байна.

 

Санхүүгийн ямар дүр зураг бий болох вэ

 

Төв банкных нь бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хэмжээ хамаардагийг бид мэдэх болсон. Арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар хэд байгаагаас хамаарч түүнтэй өрсөлдөхүйцээр хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банкинд татах мөнгөний хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг.  Энэ хөшүүргийн дүн сайн муу хоёр талтай тусах байх. 

 

Төв банкны бодлогын хүү нэмэгдэж 15 хувьд хүрсэн тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банкинд байршуулна. Нөгөө талдаа арилжааны банкууд иргэд ААН-д бага хэмжээтэй зээл гаргах тул хүүгээ мөн нэмж таарна. Ямар ч зүйл эрэлт нь багасахаар үнэ ханш нь өснө. Энгийндээ банкны зээл нүдний гэм болж дагаад хүү нь мөн өснө гэсэн үг.

 

Ингэхээр зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасч ирнэ. Сөрөг тал нь ААН, иргэд бага хүүтэй зээлийг банкнаас харалтгүй болж эхэлнэ гэсэн үг. Арилжааны банкууд эрсдэлтэйгээр бага хүүтэй мөнгө зээлдүүлэхийн оронд бизнесийн дүрмээрээ шууд Төв банкинд 15 хувийн хүүтэй ямар ч эрсдэлгүй хадгалуулчих юм. Бондоор бондойно гэдэг шиг бодлогын хүү нэмсэнээр банкууд зээл гаргахгүйгээр болоод явчихна гэсэн үг.

 

Санхүүгийн реформ хэрэгтэй

 

Засгийн газрын хувьд энэ алхмын ард бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгана гэсэн тооцоотой байж таарна. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлнэ гэж байгаа нь эргээд зөвдөх үндсэн цагаатгал нь. Харин бичлэгийн эхэнд иш татсан зээлийн хэт өндөр хүүг бууруулах иргэдийн хүсэлт бүр холдлоо гэсэн үг. Энгийнээр бол төгрөгөө хаа сайгүй хөглөрдөг цаас болгохгүйн тулд зээлийг ховор живэр болгож, үнэд хүргэж байна гэсэн үг л дээ. Арай ч жоом алах гэж гэрээ шатааж байгаатай зүйрлэж болохгүй байх.

 

Наадмын өмнөхөн гарсан санаачилгаар 15 хувиас дээш зээлийнхээ хүүг буулгаж өгөөч гэсэн иргэдийн гарын үсэг цугларч байхад бодлогын хүүгээ нэмсэн шийдвэрээ Монголбанкны зөвлөл өөдөөс нь барилаа. Нийгмийн хүсэл шаардлага ба төрийн реформ нэг шугамд амар огтлолцохгүйн тод жишээ л дээ. 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нөгөө хөгшчүүлийг уяраадаг зээлийн өндөр хүү бүүр ч алслаад холдлоо. ман-ыхаан
2016-08-22
Бат:
АН эрх баривал ард түмэн мөнгөтэй, төр ядуу байдаг, МАН төр баривал төр засаг баян ард түмэн мөнгөгүй, халамж хүртэж нам засагтаа залбарч сууна.
2016-08-22