“Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ
2016-08-31

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаан 09 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар  эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

 

 

Уг тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор ... УИХ-д өргөн мэдүүлнэ....” гэж  заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг танилцуулгын эхэнд дурдав. 5 бүлэг 381 заалттай уг хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна. 

 

 

Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгохоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр болон байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг багтаасан байна.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Батзориг, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авав. Ирэх жилүүдэд мал, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх талаар ямар хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуйг хэрхэн дэмжих талаар тодруулсан  Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханы асуултад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариулт өгсөн юм. Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан, өмнө жилдээ 25000-26000 тн мах экспортолдог байсан нь өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд маш их багассан. Тиймээс Засгийн газраас малын гаралтай түүхий эдийн экспортыг дэмжихээр татварын бодлоготой уялдуулсан зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлэхээр тусгасан, энэ хүрээнд олон арга хэмжээ авахаар тусгасан болохыг тодотгон хэллээ. Мөн малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд “Монгол малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

 

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан, экспортыг дэмжих шаардлага байгааг онцлоод “Монгол чацаргана” хөтөлбөр тусгагдсан эсэх, мөн улсын хэмжээнд байдаг 1 сая га тариалангийн талбайгаас одоогоор ашиглагдаагүй байгаа 240 мянган га талбайг эргэлтэп оруулах эсэхийг тодруулсан юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлэх, мөн "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр уг хөтөлбөрт тусгасан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариулт өгөв. 

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин