Обамагаас уучлалт гуйлаа
2016-09-06

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте албан тушаалаа хүлээн аваад удаагүй байхдаа АНУ-ын Ерөнхийлөгчийг өдөөн турхирсан мэдэгдэл хийж, олныг гайхшруулсан билээ. Тэрбээр Ерөнхийлөгч Обамаг “Садар эмийн хүү” гэсэн юм. Уг мэдэгдлийн хариуд Вашингтон ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч орон нутгийн хэвлэлүүд “Родриго Дутерте уг мэдэгдлээрээ олон улсад хурдан хугацаанд танигдахыг хүссэн” хэмээн мэдээлэх болсон юм. Тэгвэл Родриго Дутерте өчигдөр дээрх мэдэгдлийнхээ төлөө Цагаан ордны тэргүүнээс уучлалт гуйсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ерөнхийлөгч “Би санамсаргүйгээр мэдэгдэл хийсэн. Дахин алдаа гаргахгүй” гэж мэдэгджээ. БНХАУ-д зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр Обама, Родриго Дутертегийн хар тамхичдын эсрэг тэмцлийг буруутган, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байгааг сануулсан билээ.

 

Филиппинийн Ерөнхийлөгчийн хар тамхины эсрэг хийж буй тэмцэл эхэлснээс хойш 2000 орчим хүн амиа алдаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин