Цагаатгах ажил дуусах шатандаа оржээ
2016-09-09

Гэрэл зургийг MPA.MN

 

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдөр маргааш тохионо. Уг өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлэл хийлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 26 дахь жилдээ ажиллаж байна.

 

1922-1990 онуудад нийт 36 мянган хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг байна. Шат шатны 31 200 гаруй хүнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээгээд буй аж. Ингэснээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил дуусах шатандаа явж байгааг улсын комиссынхон дуулгав.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжээд 18 жил болж буй аж. Энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ нарын 18 мянган иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгожээ. Мөн амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгоод байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин