Террористууд энхтайвнаас нүүр бурууллаа
2016-09-12

Сирийн Алеппо хотыг бөмбөгдөж, олон хүний аминд хүрчээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

 

БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан нь олны анхаарлыг татсан билээ. Тэд Сири, Украины асуудлаар ярилцсан юм. Уг уулзалтын дараа Женев хотноо АНУ-ын Төрийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Сирийн асуудлаар хэлэлцэж, гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан юм.

 

Гал зогсоох гэрээ өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих ёстой байжээ. Харамсалтай нь гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан талаар Цагаан ордноос мэдэгдээд хагас цаг өнгөрсний дараа Алеппо, Идлиб, Дамаск хотноо байрлах сөрөг хүчний дэмжигчдэд агаараас цохилт өгчээ. Алеппо хотноо энэ сарын 10-ны өдөр агаараас хэд хэдэн удаа цохилт өгч, 61 хүнийг хөнөөсөн бол өчигдөр орон нутгийн цагаар 11.00 цагт дахин агаараас цохилт өгч 29 хүний аминд хүрээд байна. Амиа алдагсдын 28 нь хүүхдүүд гэнэ.

 

“АНУ, ОХУ-ын байгуулсан гэрээг зөрчиж агаараас цохилт өгсөн этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн” талаараа НҮБ-ын Аюулгүй зөвлөл сануулж “Буруутанг заавал шийтгэх болно. Террористууд энхтайвнаас нүүр бурууллаа” гэж буруутгажээ.

 

Зөвхөн сөрөг хүчний дэмжичдийн бүс нутгуудад агаараас цохилт өгсөн нь олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Уг халдлагын ард “Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэмжигчид байх магадлалтай” хэмээн мэдээлэх болжээ. Өнөөг хүртэл уг халдлагатай холбоотойгоор Сирийн Засгийн газраас мэдээлэл хийгээгүй байна. “Ассад чимээгүй байгаа нь эргэлзээг төрүүлж байна” тухай  НҮБ онцолсон удаатай.

 

Обама, Путин нар уулзах үеэдээ “Сирид 10 өдөр үргэлжлэх гал зогсоох гэрээ”-г амжилттай байгуулжээ. Гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Керри, Лавров нар Женев хотноо уулзаж, гэрээний асуудлаар хэлэлцсэн байна. 10 өдрийн хугацаанд сөргөлдөөний бүсэд амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олон улсын байгуулсан коридорын тусламжтай аюулгүй газар байршуулах, тусламжийн барааг алслагдсан бүс нутгийн иргэдэд хуваан олгох, Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгахаар төлөвлөж байсан нь ийнхүү талаар өнгөрчээ.

 

Обама “Гэрээг амжилттай байгуулсан талаар хэвлэлийнхэнд мэдэгдсэний дараа Алеппо хотыг агаараас бөмбөгдлөө. Энэ хэргийн ард ямар ч улс байсан хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Та бүхэн буруу шийдвэрийнхээ төлөө харамсах болно” гэсэн бол Путин “Олон цаг ярилцсан хэлэлцээр хагас цагийн дотор дуусгавар болсныг сонсоод ихэд харамсав. Сирид гал зогссон цагт бид дараагийн алхмыг хийнэ. Мэдээж хэрэг галан дунд суугаад энхтайвны талаар ярих нь утгагүй хэрэг. Бид АНУ-тай хамтран Алеппо хотыг бөмбөгдсөн улсыг тогтооно. Бид буруутанг олох хүртэл хамтран ажиллах болно” гэж мэдэгджээ.

 

 

Сирид олон боломжийг нээгээд байсан уг гэрээ хүчингүй болсон нь олон мянган сири иргэнийг сэтгэлээр унахад хүргэв. Удирдагчид хэзээ дахин энэ асуудлаар ярилцах нь нууц хэвээр байгаа юм. Керри “Бид маш их харамсч байна. Мэдээж хэрэг ажил хэрэг талаар өнгөрсөн. Бид их удаан хугацааны турш хэлэлцэж, дээрх төлөвлөгөөг баталсан. Дараагийн төлөвлөгөөг батлах хүртэл бид дахин хэдэн өдөр хүлээх шаардлагатай боллоо” гэсэн бол С.Лавров “ОХУ байр сууринаасаа буцахгүй. Бид Сирийн тусгаар тогтнолыг хамгаалах үүргээсээ буцахгүй” гэж мэдэгдсэн байна.

 

“Алеппо хотыг бөмбөгдсөн хэргийн ард Турк, “Аль Кайди” бүлэглэл, “Аль Нусра” бүлэглэл, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон Сирийн Засгийн газар бий” хэмээн Пентагон мэдээлэв. Ганцхан жилийн дотор Алеппо хотын 59 эмнэлгийг агаараас бөмбөгдсөн байна. Сирийн томоохон хотын эмнэлгүүд өвчин хүлээн авах боломжгүй болсон талаараа удаа дараа мэдэгдсэн юм.

 

Гал зогсоох дэглэм болон эмнэлгийн асуудлаас гадна Засгийн газрыг иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн НҮБ буруутгаад байна. Сирийн армийнхан энэ сарын 7-ны өдөр Алеппо хотноо байрлах сөрөг хүчний дэмжигчдийн байршиж буй бүс нутагт агаараас цохилт өгчээ. Цэргийн ажиллагааны үеэр хүний амь нас эрсдээгүй ч сөрөг хүчин “Армийнхан бидний эсрэг химийн зэвсэг ашигласан” гэж мэдэгджээ. 80 гаруй хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр тэд ямар нэгэн зүйлд хордсон болохыг тогтоосон аж. НҮБ өнгөрсөн сард Сирийн Засгийн газрыг хэд хэдэн удаа химийн зэвсэг ашигласан гэв.

 

Ассад “Би ард түмнийхээ эсрэг хэзээ ч химийн зэвсэг ашиглахгүй” гэж хариу мэдэгдээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkk yana da:
PENTAGON MEDEELEV GESEN HESGIIG UNSHAD UZEEREI TURKUUD BAAHAN ALAN HYDAH BAIGUULLAGA BOLON SIRIIN ZASGIIN GAZARTAI NIILJ BGAD BUMBUGDTSUN YM BNA L DA KKK HEREGT ORVOO HUDLAA ORCHUULJ BJ ZUGEER UTGII NI SAIN OILGOJ AVAD OILGOSNOO MONGOLOOR L BICHCHEEJ DEE
2016-09-12
Зочин:
Modon orchuulga
2016-09-12