Төрийн банк Банк хоорондын тэмцээний аварга боллоо
2016-09-12

Төрийн банк Банк хоорондын тэмцээний аварга болж, шилжин явах цомын эзэд боллоо


 

МУ-ын ТОП-4 банкны нэг Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Банк хоорондын аварга шалгаруулах тэмцээн”-ий алтан медаль, шилжин явах цомын эзэд боллоо. Банк хоорондын аварга шалгаруулах тэмцээн нь арилжааны банкны нийт ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад Хөлбөмбөгийн төрлөөр 2016 оны 09 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд IV Цахилгаан Станцын “Эрчим” клубын Хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус тэмцээнд 8 банкны баг тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс шагналт 5-р байрыг тэмцээнийг зохион байгуулагч Худалдаа хөгжлийн банк, шагналт 4-р байрыг Хаан банк, Хүрэл медалийг Голомт банк, Мөнгөн медалийг Хасбанк хүртсэн бол аваргын Алтан медалийг Спортын мастер Б.Гомбо-Очир ахлагчтай Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид хүртэж, шилжин явах цомын эзэд боллоо. Банк хоорондын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Шилдэг хаалгачаар Хас банкны шигшээ багийн хаалгач С.Ганхуяг, Шилдэг хамгаалагчаар Төрийн банкны Х.Батдорж, Шилдэг хагас хамгаалагчаар Төрийн банкны Б.Гомбо-Очир, Шилдэг довтлогчоор Төрийн банкны Ц.Төмөр-Очир нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм.

 

Төрийн банкны шигшээ багийн хувьд 2016 оны 04 дүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон ЮнионПэй картын нэрэмжит “UnionPay Cup-2016” Хөлбөмбөгийн Олон улсын нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцоод ирсэн билээ.

 

Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж буй банкуудын хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, байнгын оюуны ачаалалтай байдаг банкируудын чөлөөт цагийг спортоор хичээлүүлэн зөв боловсон өнгөрүүлэх, хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөх боломжийг олгодог энэхүү тэмцээн жил ирэх тусам улам бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байгаа бөгөөд дээд лигт тоглодог олон тоглогчид банкуудад ажилладаг нь тэмцээний чансааг харуулж байна.

 

Төрийн банкны хувьд нийтийн биеийн тамирыг дэмжих, нийт ажилтнуудынхаа эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилгоор 3800 ажилтны төлөөллөөс бүрдсэн “Спорт хороо”-г байгуулан олон талын ажлуудыг зохион байгуулж ирсэн. Төрийн банкны Спорт хорооноос хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнд 2016 онд Төрийн банк Арилжааны 14 банкны хооронд жил бүр зохион байгууллагдадаг хамгийн том 3 тэмцээний 2-т нь буюу хөлбөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд тэргүүлж, шилжин явах цомын эзэд болоод байна.

 

Төрийн банкны баг тамирчдыг Банк хооронд 3 дахь том тэмцээн болох Гарбөмбөгийн тэмцээн хүлээж байна.

 

Shuud.mn
Сонин хачин