Хэт даврагчдын химийн үйлдвэрийг устгажээ
2016-09-14

“Халифын вант улс” бүлэглэлийг химийн зэвсэг үйлдвэрлэж, халдлага үйлдэх үедээ түүнийгээ ашигладаг байж болзошгүй талаар НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдэгдсэн юм. Уг мэдээллийн дагуу АНУ-ын тагнуулынхан тус бүлэглэлийг тагнаж байжээ. Тэгвэл АНУ тусгай ажиллагааны үеэр тус бүлэглэлийн хамгийн томд тооцогдох зэвсгийн агуулахыг устгасан талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Иракийн Мосул хотоос холгүй байрлах эмийн үйлдвэрийг хэт даврагчид хоёр жилийн өмнө эзэлсэн билээ. Уг үйлдвэрийг хэт даврагчид химийн зэвсэг гарган авах төвөө болгосон хэмээн Пентагон үзэж, өчигдөр тус объектод таван удаа агаараас цохилт өгч, устгасан байна.

 

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жеффри Харриган “Цэргийн ажиллагаа явуулж, исламын улсын томоохон байгууламжийг устгасан. Бидний устгасан уг байгууламжид тэд химийн зэвсэг үйлдвэрлэдэг байх магадлалтай байна. Гэхдээ энэхүү мэдээлэл хараахан баталгаажаагүй байна. Террористууд халдлага үйлдэхдээ химийн зэвсэг ашигладаг  гэх баримт олдоогүй байгаа” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин