Медалийн буухиаг үргэлжлүүлсэн ХОЁР
2016-09-16

Бразилийн Рио де Жанейро хотноо паралимпийн наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Наадам дуусахад гурван хоног үлдээд байгаа ч эх орноо төлөөлөн өрсөлдсөн манай улсын найман тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ. Тун саяхан “Рио 2016” зуны XXXI дахь олимпийн наадам Рио Де Жанейро хотноо болж манай улсын хоёр тамирчин мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин энэ удаад паралимпийн XV наадамд жүдо болон пауэрлифтингийн төрөлд оролцсон хоёр тамирчин маань хүрэл медаль хүртлээ. Медалийн буухиаг үргэлжлүүлсэн хоёр тамирчинг танилцуулж байна.

 

Б.Ууганхүү

 

 

Паралимпийн XV наадам хоёр дахь өдөр жүдо бөхийн төрөлд манай улсын тамирчин Б.Ууганхүү барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд амжилттай барилдан медалийн салхийг хагаллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросед цэвэр ялагдсан ч дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж цэвэр ялснаар Риогийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан юм.

 

Б.Ууганхүү нь  жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэн олимпийн эрхээ авсан. 2014 онд АНУ-ын Денвер хотод пара жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү амжилттай барилдаж олимпийн эрх өвөртөлсөн юм. Мөн тэрбээр  “Инчён-2014” Азийн паралимпийн мөнгө, 2014 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзэлж байсан. Тэрбээр жцү-жицүгийн “Гаруда” клубын тамирчин юм.

 

Э.Содномпилжээ

 

 

“Рио 2016” паралимпийн наадамд пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн болсон. Тэмцээний эхэнд манай тамирчин 210 кг өргөж улмаар 217 кг-ын захиалга өгсөн ч шүүгчид тооцоогүй. Улмаар гурав дахь оролтоороо мөн 217 кг өргөсөн. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан байв. Ийнхүү тэрбээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.

 

Э.Содномпилжээ 2015 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Улмаар паралимпийн эрх өвөртөлсөн билээ.

 

Ийнхүү паралимпийн XV наадамд өрсөлдсөн манай тамирчид хос хүрэл медальтайгаар наадмыг өндөрлүүлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин