Усан тахил өргөх ёслол болно
2016-09-16

 

Ирэх ням гарагт “Чандмань эрдэнийн өргөл” ” усан тахил өргөх олон нийтийн арга хэмжээ болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Богд хааны ордон музей, Усны үндэсний хороо, Туул голын сав газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.

 

Усан тахил өргөх ёслолд 1800 орчим хүн оролцох аж. Оролцох хүмүүс Зайсангийн гүүрийн баруун доод хэсгээс Богд  хааны ордон музей хүртэл эгнэж зогсоно. Улмаар гараас гарт Хатан туулын дээжийг дамжуулан усан тахил болгон бурханд  өргөх аж. Туул голоос нийт 1080 литр гадаргын усыг тахилд зориулан зөөх бөгөөд тахилын рашааны дээжийг Жарнайсиг Бурханы дацангийн барилгын ажилд, “Сэтгэлийн үндэс” аяны хүрээнд баригдаж буй СХД дахь цэцэрлэгийн барилгын ажилд өргөх юм байна.

 

Дээрхи үйл ажиллагааны зорилго нь   усны зөв зохистой хэрэглээг эрхэмлэж амьдрахыг уриалах явдал аж. Оролцохыг хүссэн хүн “Чандмань эрдэнийн өргөл-усан тахил өргөх ёслол” фэйсбүүк хуудсаар холбогдох боломжтой юм байна.

 

Тус арга хэмжээ энэ сарын 18-нд 17.00 цагт болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
kub:
2016-09-16