Наймаачид завшиж, жолооч нар хохирч үлдэх нь
2016-09-21

 

Замын цагдаагийн газраас шалгалт нэрийн дор жолооч нарыг торгож, улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд буй. Тэр бүү хэл энэхүү хяналт, шалгалтыг дагаад галын хор, эмийн сангийн бизнес хүртэл дэлгэрч, аль хэдийн эрэлт хэрэгцээтэй бизнесийн тоонд орох боллоо. Үүнийг дагаад худалдаж авсан хор, ослын гурвалжин нь чанарын шаардлага хангаагүй байсан гэж бухимдах жолооч нар ч цахим ертөнцөд гарч ирэв. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа Замын цагдаагийн газрын хяналт шалгалт болон түүнийг тойрсон бизнесийн асуудлыг хөндөн сурвалжлав.


ЗЦГ улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэдэг ташаа мэдээлэл
 
Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд улс орон даяар “Хяналт, шалгалт” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд улсын хэмжээн дэх тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаж байгаа эсэх болон автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, галын хор зэргийг шалгаж байгаа юм. Шалгалтын үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасанчлан дээрх шаардлагын аль нэгийг биелүүлээгүй тохиолдолд жолооч нарт 19200-92000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулж байгаа аж.


 

 

Тэгвэл уг торгуулийг нэг сарын хугацаанд орон даяар зохион байгуулан жолооч нарын халааснаас улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс Замын цагдаа, хяналтын байцаагч нарт боломжтой бүх автомашиныг торгохыг үүрэгдсэн гэх мэдээлэл ч бий. Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол нэг сар гэдэг улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг биш гэхэд талыг нь суулгахад хангалттай хугацаа. Нэг л жишээ дурдъя. Манай улсын хэмжээнд нийт 300 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байлаа гэж бодъё. Яахав, олны олон дотор хуулиа сахин биелүүлээд явж байгаа нэг хэсэг бий гэж үзээд 100 мянган машиныг торгуулийн жагсаалтаас хасъя.

 

Мөн сарын хугацаанд ямар нэгэн шалтгаанаар замын хөдөлгөөнд оролцоогүй байх магадлалтай учраас дахиад 50 мянган машиныг хасчихъя. Ингээд нэг сарын хугацаанд үлдсэн 150 мянган машиныг зөвхөн 19200 төргөрөөр торгоход л хоёр тэрбум 880 сая төгрөгийг жолооч нараас хураах бүрэн боломжтой.

 

Энэхүү тоо баримтаас харахад л уг мэдээлэл ор үндэсгүй гэх баталгаагүй юм. Тиймээс бид уг мэдээлэл үнэн эсэхэд хариулт авахаар Замын цагдаагийн газрыг зорив. Манай сурвалжлах хэсгийн сонирхсон асуудалд замын цагдаагийн газраас нээлттэйгээр хариулт өгсөн юм. Ингээд бид ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяраас хариулт авав. 

 

Тэрбээр “Цахим ертөнц, зарим мэдээллийн сайтаар Замын цагдаагийн газраас жолооч нарыг торгож, улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж мэдээлж, ярьж байна. Энэ бол огт ор үндэсгүй худал мэдээлэл. Улсын төсвийг бүрдүүлдэг Засгийн газрын агентлаг гэж бий. Татварын ерөнхий газар гэж бүхэл бүтэн тусдаа байгууллага байна. Харин замын цагдаагийн газрын үндсэн чиг үүрэг гэвэл хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих юм.

 

Замын хөдөлгөөний дүрэм болон хуульд заасан заалтыг жолооч нар дагаж, мөрдөх үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй байж замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа жолооч ч байна. Тэр жолоочид хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй. Тэрнээс биш улсын төсөвт мөнгө төвлөрүүлнэ гэсэн зүйл байхгүй. Энэ бол огт худал мэдээлэл” гэв. Харин хяналт, шалгалтын тухай ярихдаа зөвхөн галын хор, эмийн сан, ослын гурвалжинг шалгаагүй. Өөр зүйлсийг ч шалгаж байгаа. Гэхдээ эдгээр зүйлс машинд заавал байх ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ч эмийн сан, галын хор, ослын гурвалжинг машиндаа авч явах тухай заасан. Тиймээс жолооч нар хуулиа сахин биелүүлж, үүргээ ухамсарлах хэрэгтэй гэсэн юм.

 

Замын цагдаагийн газраас улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэхийн тулд жолооч нарыг торгож байгаа гэдэг огт худал мэдээлэл гэдэг хариу өгсөн тул манай сурвалжлах хэсэг галын хор, ослын гурвалжин, эмийн сан худалдаалдаг наймаачидтай холбогдож ярилцсан юм.
 

 

Машины эмийн санд тавигдах шаардлага, хууль эрхзүйн орчин манай улсад алга

 


Манай улсад хөлтэй бүхэн машин унаж байна гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Монгол улсын хэмжээнд 800 гаруй мянган бүртгэлтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Энэхүү мэдээллээс харахад 800 мянган жолооч ойролцоогоор 10000-30000 мянган хүнийг тээвэрлэж, тэдний амь насыг хариуцаж байна гэсэн үг. Тэр хэрээр жолоочийн үүрэг хариуцлага нэмэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа сахин биелүүлэх ёстой болж байна. Гэвч жолооч нарын хэдэн хувь нь хуулиа ягштал сахин биелүүлж байгаа бол.

 

...Монголд гал унтраадаг нэг компани байдаг. Тэндээ галын хор хийгээд таван цаасны илүү үнэтэй зарж болно шүү дээ. Монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ дэмжинэ. Би үүнд л харамсч байгаа. Яг үнэндээ Хятад улсад л хөрөнгө оруулаад байгаа юм...

 

Тиймээс ч Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран “Хяналт, шалгалт”-ын аянг сарын хугацаанд эхлүүлээд буй. Тэгвэл тус аянг дагаад галын хор, эмийн сан, ослын гурвалжин зарна гэх зар фэйсбүүк, твиттерээр явах болсон. Тиймээс бид дээрх зарын дагуу хэд хэдэн дугаарт залгаж үзэв. Манай сурвалжлах хэсгийн холбогдсон хүмүүс бүгд ямар нэгэн компани биш хувь хүн байсан бөгөөд БНХАУ-аас бараагаа оруулж ирдэг аж. Мөн галын хор, эмийн сан, ослын гурвалжин тус бүр 10 мянган төгрөгийн үнэтэй. Харин бүгдийг нь авбал 19.900 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн галын хор, эмийн санг нь авбал ослын гурвалжинг үнэгүй өгнө гэж байсан юм. 

 

Харин бид эмийн хайрцагт нь юу байгааг сонирхоход “Анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай 11 дагалдах хэрэгсэл бий. Лент, спирттэй хөвөн, наалт, хайч байгаа. Эм байхгүй. Хятадаас орж ирэхдээ ингэж ирдэг. Бид ямар нэгэн зүйл нэмж хийдэггүй. Үйлдвэрлэхдээ л анхны тусламжид шаардлагатай зүйлсийг хийсэн байдаг” гэсэн хариултыг өгсөн юм.

 

Энд хэдэн жилийн өмнө болсон нэгэн үйл явдлыг сануулъя. Энхтайвны гүүрэн дээр гарсан ослын улмаас жолооч нь машин дотроо шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хажууд нь байсан жолооч нарын нэгэнд нь ч галын хор байгаагүй гэдэг. Ослын газарт байсан нэг жолооч хэрвээ галын хор байсан бол нэг хүний амийг аврах байлаа гэж харамсч уйлж байсан гэх мэдээлэл ч тухайн үед гарсан. Энэ мэтчилэн дурдаад байвал бидний амьдралд сургамж болсон харамсалтай олон хэрэг бий. Эндээс бид сургамж аван худалдан авч байгаа галын хор, ослын гурвалжин чанарын шаардлага хангаж байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Нэг удаа цагдаагийн нүдийг хариулаад өнгөрөхийн тулд галын хор авдаг.

 

Гэтэл яг хэрэгтэй тохиолдолд галын хор нь ажиллахгүй, ослын гурвалжин нь хугараад унасан байвал яах вэ. Энэ бүгдийг бодож л үзэх хэрэгтэй. Мөн нөгөөтэйгүүр эмийн санд нь яг юу байх ёстой талаарх хууль эрхзүйн орчин ч манай улсад байдаггүй. Түүнээс болж жолооч нар элдэв янзын эм, нэг бэнт хийсэн болоод эмийн сантай болчихлоо гэх. Түүнийг ч нарийн шалгаж байгаа газар ч алга байна. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяр “Эмийн сангийн хайрцганд юу байх ёстойг би сайн мэдэхгүй. Тэр бол тухайн хүний сонголтын л асуудал. Тэр дотор толгойны эм, гэдэсний эм байх ёстой гэж тогтоосон стандарт, хууль эрхзүйн орчин одоохондоо байхгүй. 
 

Түүнээс биш гэдэсний эм, толгойны эм аваагүй байна гээд цагдаагийн албан хаагч торгоод байгаа зүйл огт байхгүй” гэсэн юм. Хууль эрхзүйн орчин нь ч бүрдээгүй энэ нөхцөлд дуртай нэг нь эмийн сангийн хайрцаг оруулж ирээд түүн дотроо хэдэн спирттэй хөвөн, бэнт хийгээд дуртай үнээрээ жолооч нарт худалдаж байна. Жолооч нарч, цагдаа нар ч хор нь ажиллаж байна уу, эмийн санд нь ослын үед хэрэгтэй зүйлс байна уу гэдэгт хяналт тавьж байгаа ч юм алга.
 

Нөгөөтэйгүүр жолооч нар анхны тусламжийн хэрэгсэл нь байгаа тохиолдолд яаж хэрэглэх талаарх мэдлэгтэй юу гэдэг мөн л бодох асуудал. Хуулийн цоорхойг ашиглаж наймаачид ашиг олоод л өнгөрнө. Харин эцэс сүүлд нь өчүүхэн зүйлд хайхрамжгүй хандаж, хямдхан чанар муутай галын хор, ослын гурвалжин худалдаж авсан жолооч нар л гашуун нулимстай үлдэнэ. Нэг хэсэг нь хууль эрхзүйн орчин бүрдээгүй учраас эмийн санд юу байх нь тухайн жолоочийн хэрэг гээд өнгөрөх, нөгөө хэсэг нь цагдаагийн нүдийг л хуурч байвал хямдхан юм байхад болно гэх хандлага нийгэмд байгаа нь сурвалжлагын явцад харагдаж байлаа. Мөн Замын цагдаагийн хяналт шалгалтыг дагаад үнийн хөөрөгдөл болсон гэж үзэх нэгэн ч таарч байв. Иймд бид жолооч нартай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм.


 
Наймаачид хуулиар далимдуулж 3000 төгрөгийн үнэтэй ослын гурвалжинг 8000 болтол өсгөв


 

Н.Одбаяр: Бид  хэдэн марал хийчихээд эмийн сан гээд байгаа болохоос яг хүнд хэрэгцээтэй зүйл байхгүй л болов уу
 


-Галын хорыг хэрэглэж байж л мэднэ үү гэхээс биш гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ. Он сарыг нь хараад ч мэдэхгүй. Уг нь бол байх л ёстой. Одоо эмийн сан, галын хоргүй жолооч гэж байхгүй байх л гэж бодож байна. Галын хор анх машин авахад дагалдаж ирсэн. Харин би зогсоолын тэмдэг худалдаж авсан. 3000 төгрөг л гэдэг юм билээ. Эмийн санд бол эм, бентхэн л байгаа. Манай улсад ямар орос шиг сүрхий шаардлага тавих биш. Оросод бол заавал цус тогтоох жигүүт байх ёстой гэдэг. Эмийн санд байх ёстой зүйлсийг заадаг. Манай улсад тийм биш. Зүгээр л эмийн сан гээд л үзүүлэхэд л байж байвал болоо. Бид  хэдэн маарал хийчихээд эмийн сан гээд байгаа болохоос яг хүнд хэрэгцээтэй зүйл байхгүй л болов уу. Ер нь манайд тийм зүйл байх ёстой гэж заагаагүй учраас л цагдаагийн нүдийг хуурахын тулд юу ч хамаагүй л хийгээд явж байгаа шүү дээ, жолооч нар. Ослын тэмдгийг 3000 төгрөгөөр л авсан. Ер нь дороо л эвдэрчихдэг. Машин дотор явж байгаад л салаад уначихдаг юм.
 

 

Б.Гантулга: Яг үнэндээ хятад улсад л хөрөнгө оруулаад байгаа юм


 
-Дүрмэндээ галын хор, ослын гурвалжин, эмийн сан байх ёстой гэж заасан байдаг. Манайхан өөрсдөө заавал шахаж шаардуулж, аян өрнүүлж байж л юмыг биелүүлэх гээд байдаг талтай. Энэ хэн хэнийх нь хариуцлагын асуудал. Энэ аян явагдаж байгаа нь зөв. Гэхдээ үүнийг дагаад хятадын чанар муутай галын хор, ослын гурвалжин, эмийн сан зарагдаад байгаа нь таалагдаагүй. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр ёстой муухай зүйл.
 

Цаагуураа бизнес явагдаад байгаа юм болов уу гэж бодогдсон. Энийг л хүмүүс эсэргүүцээд байгаа юм. Тэрнээс биш байх ёстой зүйлс байх нь зөв. Ер нь гадуур үнэтэй, хулхи байна гээд яриад байгаа. Би том галын хортой. Дельтай авто сервесээс цэнхэр эмийн сан авсан. Машины эмийн санд баахан эм байх ёстой гэж жолооч нар ойлгоод байдаг. Тэгээд л ямар ч хамаагүй эм хийдэг. Тэр бол маш буруу. Ямар нэгэн осол гарлаа гэж бодоход анхан шатны тусламж үзүүлэх учраас боолт, хөвөн, бент, иод байх ёстой. Одоо гадуур зарагдаад байгаа машины эмийн санд ойр зуурын толгой, гэдэсний эм байх жишээтэй. Яг юунд хэрэглэх гээд байна гэдгээ утгачилж ойлгох л хэрэгтэй. Миний авсан эмийн сан дотор нойтон сальфетка, хөвөн, бент, иод байсан.
 


Түүнээс толгойны эм байдаггүй байхгүй юу. Сүүлийн үед фэйсбүүкээр 15, 19 мянга гээд эмийн сангийн зар яваад байна лээ. Жижигхэн улаан галын хор харагдаж байсан. Тэр бол жинхэнэ нүглийн нүдийг гурилаар хуурсан л зүйл. Мөн нөгөө талаар өөр орныг санхүүжүүлж байна л гэсэн үг. Монголд гал унтраадаг нэг компани байдаг. Тэндээ галын хор хийгээд таван цаасны илүү үнэтэй зарж болно шүү дээ. Монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ дэмжинэ. Би үүнд л харамсч байгаа. Яг үнэндээ Хятад улсад л хөрөнгө оруулаад байгаа юм.
 

 


Ч.Шинэбаяр: Галын хор, гурвалжин хоёр л стандарт байвал эмийн санд юу байх нь хамаагүй


 
-Цагдаагийн хувьд тавих ёстой л шаардлага. Яахав тэрийг дагаад бизнес явах нь зах зээлийн л асуудал. Надад хуучин ослын гурвалжин галын хор байсан. Эмийн сан л нэмж авсан. Ер нь эмийг заавал зориулалтын саванд хийнэ гэсэн зүйл байхгүй. Тийм ч шаардлага цагдаа нар тавихгүй байгаа. Галын хор, гурвалжин хоёр л стандарт байвал эмийн санд юу байх нь хамаагүй. Эм нь байгаад ууттай байвал л болно. Миний эмийн санд толгойны эм, цус тогтоодог тос гэх мэт ойр зуурын л зүйлс бий. Өмнө ч гэсэн шалгадаг л байсан. Энэ заавал цагдаа гээд байлгүй хувь хүний ухамсрын л асуудал. Жолооч хүний хийх ёстой зүйлс. Тэр цагдаа гэмтэхгүй. Ямар нэгэн байдлаар осол гарлаа гэхэд цагдаа гэмтэхгүй. Бид л гэмтэнэ.


 
Б.Одбилэг: 3000 төгрөгийн үнэтэй байсан ослын гурвалжин 8000 төгрөг болсон


 
-Мэдээж хэрэг галын хор, ослын гурвалжин, эмийн сан байх нь миний аюулгүй байдалд хэрэгтэй. Үүнийг зөв зүйл гэж боддог. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан шүү дээ. Тиймээс бид биелүүлэх л ёстой. Гэхдээ хүчээр огцом цаанаас нь зохицуулчихаар үнийн хөөрөгдөл болоод байна. Тухайлбал, 3000 төгрөгийн үнэтэй байсан ослын гурвалжин 8000 төгрөг болтлоо өссөн. 2500 байсан эмийн сан нь 6000 төгрөг болсон.
 
Яахав жолооч нарыг торгоод байхаар тэр үнэтэй зүйлсийг авахаас өөр аргагүй. Тодорхой хугацаа өгөөд, энэ хугацаанд ийм зүйлстэй болсон байх ёстой гэвэл үнийн хөөрөгдөл арай гайгүй байсан болов уу. Шууд шаардаад, торгоод эхэлчихээр наймаачид нь үнээ нэмчихдэг. Тэрнээс болж зарим жолооч бэлгэдлийн журмаар хамгийн мууг нь авч байна. Эмийн сан дотор өөрт нь хэрэгтэй зүйл байна уу гэдэг гол биш. Цагдаад үзүүлэхийн тулд л аваад байдаг.
 


Уг нь ядаж л цус алдсан тохиолдолд хэрэг болох зүйл л байх ёстой. Одоогийн байдлаар хүмүүсийг хараад байхад цагдаагийн нүдийг хуурах гэсэн л юм аваад байна. Галын хор нь гарах ч юм уу, гарахгүй ч юм уу тэр огт хамаагүй. Ослын гурвалжин нь тогтохгүй хугараад уначихмаар тийм эмзэгхэн юм л тавиад байгаа. Би олонхын жишгийг дагаад Өгөөмөр захаас галын хор, ослын гурвалжин, эмийн санг 38 мянган төгрөгөөр авсан. Өмнө нь аваагүй байсан юм. нэг удаа цагдаа зогсоогоод бичиг баримт хурааж авсан юм. Тэгээд л авах шаардлагатай болсон. 

 


М.Энхтөр: Би 20 мянган төгрөгөөр чанартайг нь авсан
 


-Энэ бол жолоочийн хариуцлага. Би 20 мянган төгрөгөөр Да хүрээ захаас худалдаж авсан. Гэхдээ чанартайг нь авсан л даа. Эмийн сандаа өвчин намдаах эм нэмсэн. Дотроо бент, боолт харагдаж байсан. Юу байгааг нь сайн анзаарч, тогтож үзээгүй. 
 


Л.Болорцэцэг: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заачихсан зүйлс
 


-Хүмүүс цагдаа нарыг шаардаж байна гээд байгаа. Гэхдээ энэ чинь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заачихсан. Тиймэрхүү зүйлийг авч явж байж л машин тэрэгтэй харьцаж, хүн тээвэрлэнэ биз дээ. Харин манай улсад ямар нэгэн зүйл болохоор л нэг төрлийн бизнес хөгжөөд байдаг. Үүнд төр засгаас анхаарч, зохицуулаад өгвөл жолооч нарт ч ашигтай. Энэ ажил нь ч гэсэн үр дүнтэй ухаалаг болох байх. Түүнээс биш нэг юм хийхээр л нөгөө юм нь хөл толгой нь мэдэгдэхгүй үнэтэй болоод байвал хэцүү шүү дээ. 
 


Б.Батзориг: Манайхан л нэг их оошоодоггүй болохоос машинд байх ёстой зүйлүүд
 


-Хууль, дүрмэндээ нэмэлт хэрэгсэл авч явах ёстой гэж заадаг. Тиймээс байх л ёстой асуудал. Хээр хөдөө явж байхад их хэрэг бодог зүйлүүд л дээ. Манайхан л нэг их оошоож үздэггүй. Шалгадаггүй болохоор нэг их хэрэглэдэггүй юм шиг байгаа юм. Одоо шалгаад ирэхээр хэрэглэж эхэлж байна. Тэр болгон дэлгүүр, зах хэсэх боломжгүй хүмүүс байгаа. Тэгэхээр гадуур зарж байгаа нь байж болох л асуудал. Би үзлэгт орох шаардлагатай болсон юм. Үзлэгт ороход эдгээр зүйлсийг шалгаж байна лээ. Тэгээд л ойролцоох газраас нь авсан. Өмнө нь шалгадаг байсан ч заавал ав гэдэггүй зүгээр аваарай гээд сануулаад өнгөрдөг байсан.

 

эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Yer ni baikh yostoi l zuil. Ayan zarlakhaas umnu ch mashind bj l baikh yostoi l zuil shuu dee. Tsagiin tulgaj unetei avch bga ni khenii buruu ve
2016-09-22
тэнэг шийдвэр:
жилд хэдэн машин шатаж, ямар хохирол учирч байгааг эхлээд тоолж гаргах хэрэгтэй. гарын арван хуруунд багтаад, 100 сая дотор байвал 300,0005000=1,500,000,000 төгрөгийг эрээн рүү нэгдсэн журмаар гаргах ямар хэрэг байна. эрээнээс авчирсан галын хор нь ажиллавал 3 сек болно, ер нь ихэнхдээ ажилладаггүй гэж байгаа шүү. хэлэх ч үг алга.
2016-09-21
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-09-21
Зочин:
19200 tugruguur torguulij bhaar 19000 tugruguur ter 3 kom heregsliig avchih al oorsdod n heregtei. Tsaashlaad uruuld heregtei. Hutsalgui shaardlagatai buh yumsaa av
2016-09-21
jolooch:
olbo tolbo olon tsarailcan zamiin tsagdaa naraa ta nariin ajil zamiin khodolgoonii auolgyi baidliig khangaj urdchilan cergiilj ajillakh shuu dee terneec bish daatgal shalgaj tatbar toljuu gej olon tsarailakh ajil caatuulj zov zygeer ayvj baikhad zogcooj altsaij zogcokh khen uom be khen ii toloo ajillaad baigaagaa medej ba uu khajuud chin khulgai deerem bolj baikhad zamiin tsagdaa nar aigaad ochdogdui biz dee ergiiliin tsagdaatai niiluulbel taarna jolooch nariig deeremdeed curcan durakuud
2016-09-21