Банк, санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
2016-09-21

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

 

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байна” гэж онцоллоо.

 

Тэрээр Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд эх үүсвэр хайж байна. Одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгохоор төлөвлөсөн. Банкууд санхүүжилтгүйн улмаас ипотекийн зээл олгохгүй байгаа. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна” гэлээ. Ерөнхий сайд “100-гаас дээш ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэд урьдчилгаа 30 хувь дээрээ 100 гаас дээш ам метр талбайн төлбөр нэмж төлснөөр найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Энэ нь ипотекийн зээлийн журамд орж буй нэг томоохон өөрчлөлт юм.  Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа” гэсэн юм.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Өнгөрсөн онд ашигтай ажилласан ганц салбар бол банк санхүүгийн салбар байлаа. Өмнө нь аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзахад Монголд банк, санхүүгийн байгууллага дангаараа ноёрхож, дарамт их байна гэдгийг онцолж байлаа. Харилцан бие биенээ ойлгож, хандах хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлд хамрагдахын тулд иргэд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлдөг. Гэтэл банк энэ мөнгөө хаанаас яаж олсон юм бэ гээд хуулийн байгууллага шиг шалгаад байдаг. Тэр хүн өөрөө тодорхой хэмжээгээр эх үүсвэр босгоод, тушааж байхад хаанаас олж авчирсан нь банкинд хамааралгүй баймаар. Энэ мэт хүндрэл их байдгийг хэлж байсан. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулж өгнө үү гэсэн санал хүмүүсээс их ирсэн. Цаашид хөрөнгө, санхүүгийн зах зээлийг судлах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Бархүү:
Манай 120м2 талбайтай орон сууц одоо банкны зээлээр байгаа. Сард 1,3 хувь, жилд 15,6 хувийн хүүтэй. Шинэ журмаар 100 м2-с илүүг төл гэхээр 120 м2 талбайтай айл 20м2-н үнээ 100 хувь төлчихөөд, үлдсэн 100 м2- талбай нь 8 хувьд хамрагдана гэсэн үг үү. Энэ 20м2- үнээ 100 хувь төлөлгүйгээр банктайгаа тохиролцоод банкны өөрсдийнх нь зээлийн хүүгээр явж болох болов уу,
2016-09-21