Төрийн Мэдээлэл Эмхэтгэлийн 35 дахь дугаарын тойм
2016-09-23

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 35 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг нийтэлсэн байна.

 

 

Хуулийн төслүүд буцаах тухай УИХ-ын тогтоолууд, Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Мөн Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн нийт 99 төслийг хууль санаачлагчид нь буцаасан байна.

 

 

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэлжээ.

 

 

Улсын Их Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байна.

 

 

Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршжээ. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байна.

 

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогын хүрээнд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтлахаар хөтөлбөрт тусгажээ.

 

 

Түүнчлэн Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, нийгэм, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлогын хүрээнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

 

 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин