Усанд автсан иргэдийг аварлаа
2016-09-24

 

Өчигдөр хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсон. Үүний усанд автсан гэх 14 дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалсан байна.


Тухайлбал, 22 дугаар хороо Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар ажиллаж автомашинаас 4 иргэнийг гаргаж амь насыг нь аварсан байна. Мөн төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 2 том хүн, 3 хүүхдийг аварч автомашиныг уснаас татаж гаргажээ.  

 

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ хангахыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин