Гишүүд намрын чуулгандаа бэлэн үү?
2016-09-26

 

Шинэ парламент анхны ээлжит чуулганаа нээхэд хэдхэн хоног үлдлээ. Ээлжит бус чуулганаараа энэ оны төсвийн тодотголыг баталж, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлан гүйцэтгэх засаглалдаа шилжүүлсэн  төрийн түшээд эдүгээ  тойрогтоо очиж иргэд сонгогчидтой уулзалт хийх, ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоолын төслийг боловсруулан бэлтгэх гээд ажил ундарч байгаа.

 

 

Шинэ парламентын бүрдсэний дараагаар  өмнөх УИХ-ын гишүүдийн 60 орчим хувь нь дахин сонгогдсон байдаг байлаа. Харин энэ удаагийн парламент 60 хувь гаруй нь шинэ гишүүдээс бүрдэж, нэг нам үнэмлэхүй олонхи болсноороо онцлогтой. Тиймээс парламентаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд гацаж, түгжрээд байхгүй шуурхай хэлэлцэгдэх сайн талтай.  Нөгөөтэйгүүр сөрөг хүчин гэгдэх АН болон бие даагчид нийлсэн 10 гишүүн байр сууриа хамгаалах хүч дутаж,  нэг намын бодлого давамгайлах сөрөг нөлөөтэй.

 

 

Намрын чуулган ирэх оны улсын төсөв, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо баталдаг  хамгийн хариуцлагатай үе байдаг. Энэ намрын чуулганаар 20 орчим хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Мэдээж намрын чуулганы эхэнд 2017 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо батална. Засгийн газар  2017 оны улсын төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байгаа.

 

 

Цаашлаад    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай,   Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,   Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд зайлшгүй хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан

 

 

Засгийн газраас өнгөрөгч парламентын үед хэлэлцэн баталсан ч мөрдөгдөж эхлээгүй байсан  зарим хуулийг эргүүлэн татаж, дахин өргөн барьсан.  Тухайлбал, Өмнө нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газар буцаан татсан нь олон нийтийг бухимдуулж байлаа.  2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн  байна. Өмнөх парламентаар ёсчлогдоогүй процессын таван хуулийн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Засгийн газраас энэ хуулийн төслийг татах авч, дахин оруулж ирсэн. Ингэхдээ гэр бүлээ хүчирхийлэгч этгээдийг Зөрчлийн хуулиар шийтгэдэг байсныг өөрчлөн ял оноохоор тусгаж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна. Ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Тиймээс намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан, олны анхаарал татсан хуулийн нэг билээ.

 

 

Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Засгийн газар буцаан татаад байсан. Харин Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулан дахин хэлэлцээд УИХ-д өргөн барихаа мэдэгдээд байгаа. Засгийн газар Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг боловсруулжээ.  Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.  Тиймээс Засгийн газар уг хуулийн төслөө өргөн барьсан тохиолдолд намрын чуулганаар хэлэлцэх батлагдах юм билээ.

 

 

 

Мөн шинэ парламент бүрдсэний дараахан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг гаргадаг. Гэхдээ энэ нь дараагийн парламентын сонгуулийн хугацаа хүртэл “Сүх далайтал үхэр амар” гэгчээр  хэлэлцэх асуудал хойшлогдсоор байдаг гэмтэй. Ямартай ч энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад уламжлал Сонгуулийн тухай хууль ёсоор багтсан байна.

 

 

Түүнчлэн цаг үеийн асуудалтай холбоотой “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг  Засгийн газар явцын дунд парламентад өргөн барьж хэлэлцүүлнэ.  Одоогийн байдлаар Засгийн газар ажлын хэсэг гарган боловсруулж байгаа юм билээ. Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажилласан. Ингэхдээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх, Халх голын асуудлыг эргэн харна гэдгээ мэдэгдсэн байсан.

 

 

Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хууль, тогтоолын төслөөс гадна  Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэх биз.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
КӨӨРКИЙС ЯДАРЖИЙГАА БИЗЭЭ, ЖААКАН НАМ АМРОО
2016-09-26
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-09-26