Элчин сайдад халдсан этгээдэд ял оноожээ
2016-09-29

 

АНУ-аас Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайд Марк Липперт өнгөрсөн оны гуравдугаар сард халдлагад өртөж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан билээ.  

 

Элчин сайд Сөүл хотын урлагийн төвд Солонгосын хойгт энх тайван тогтоох асуудлаар лекц уншихаар очих үед нэг этгээд халджээ. Гэмт этгээд 55 настай Ким Ки-Йонг гэгч болохыг тогтоож, баривчилсан юм. Тэрбээр элчин сайд руу халдах үедээ “Өмнөд, Хойд Солонгос нэгдэх ёстой" гэж хашгирсан аж. 

 

Тэгвэл уг хэргийн шүүх өчигдөр Сөүл хотноо болсон байна. Шүүхээс Ким Ки-Йонг буруутай хэмээн үзэж 12 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Элчин сайд халдлагаас болж нүүрэндээ 80 оёдол тавиулсан билээ.

 

Ким Ки-Йонгийг Хойд Солонгосын захиалгаар дээрх хэргийг үйлдсэн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч баталгаатай баримт, нотолгоо олдоогүй болохыг Цагдаагийн газраас мэдээлжээ.
 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин