Хээрийн дадлага сургууль амжилттай боллоо
2016-09-30

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны “Сургалт зохион байгуулах тухай” А/216 дугаар тушаалын дагуу Увс аймгийн Завхан сумын Хяргас нуурын “Хэцүү хад”-д Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын хамтарсан хээрийн дадлага сургуулийг 2016 оны 09 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

 

Сургалтын эхний өдөр уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг анхан шатны, мэргэжлийн гэсэн чиглэлээр зохион байгуулж явуулж мэргэжлийн шумбагчид 9-10 метрийн гүнд 51, 77 гайкийг холбож гаргаж ирэх даалгаврыг хийж гүйцэтгэсэн. Дээрх даалгаварт мэргэжлийн 11 шумбагч оролцож Архангай, Ховд аймгийн Онцгой байдлын газрын шумбагчид үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

 

 

Анхан шатны дадлага  сургуульд аймаг тус бүрээс хоёр шумбагч нийт 12 албан хаагч оролцон шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг үйлдлүүдийг 2-4 метрийн гүнд хийж гүйцэтгэжээ.

 

 

Марш тактикийн тэмцээнийг баталсан удирдамжийн дагуу зургаан аймгийн нийт 60 тамирчны дунд гэдэс таталт, гар дээр суниах, GPS-д цэг оруулж олох, тусгайлан тогтоосон маршрутын дагуу 10 км-т гүйж тэмдэг тэмдэглэгээ оруулах зэрэг үйлдлүүдийг хийж гүйцэтгэв. Марш тактикийн тэмцээнд нийлбэр дүнгээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид 50 минут 50 секундын амжилтаар нэгдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид 55 минут 52 секундын амжилтаар хоёрдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

 

 

Сургалтын хоёр дахь өдөр зургаан аймгийн офицер бүрэлдэхүүний дунд “Ой, хээрийн түймрийн тухай, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж, аймаг тус бүр сүүлийн таван жилд гарсан ой, хээрийн түймрийн давтамж, гарч байгаа шалтгаан нөхцөл, учирсан экологийн хохирол болон гарсан зардлын талаарх мэдээллийг танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцжээ.

 

 

Сургалтын гурав дах өдөр зургаан аймгийн Онцгой байдлын газрын аврах анги, салбар, бүлгийн уулчин аврагч нарын дунд өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар сургалт дадлага явагдаж, 10-15 метрийн өндөрт байгаа нэрвэгдэгчийг олох, анхны тусламж үзүүлэх, дамнуургаар доош нь буулгах зэрэг аврах даалгаврыг гүйцэтгэсэн.

 

 

Дээрх дадлага сургуулийн үеэр Онцгой байдлын газруудын удирдах бүрэлдэхүүний дунд хил залгаа аймгууд гамшгийн үед хамтран ажиллах арга ажиллагааг дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг хийж, 2017 онд хамтран ажиллах гэрээнд нэмж тусгах саналаа нэгтгэн ярилцаж гэрээг төслөөр бэлтгэв.

 

 

Мөн дээрх сургалт, дадлагын үеэр аймаг бүрийн Онцгой байдлын газар нөхөрсөг спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсан. Тухайлбал: элсний гар бөмбөг, бооцоот хөл бөмбөг, шатар, даам, олс таталт, гар барилдаан зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж эхний эхний байруудад орсон албан хаагч, баг тамирчдыг аймаг бүрийн Онцгой байдлын газрын өргөмжлөл, мөнгөн шалгналаар шагнаж урамшуулан албан хаагчдын чөлөөт цагийг үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг идэвхитэй зохион байгуулжээ.

 

 

Хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулж явуулснаар албан хаагчдын гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар дээшилж, дадлага туршлага нэмэгдэж, цэргийн хэргийн мэдлэг дээшилсэн, бие бүрэлдэхүүний нөхөрсөг харилцаа бий болсон зэрэг үр дүн гарсан гэж албан хаагчид үзэж байна.

 

Дээрх дадлага сургуульд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын Онцгой байдлын газрын нийт 98 албан хаагч 13 автомашин техниктэйгээр оролцжээ.

 

Цаашид энэхүү хээрийн дадлага, сургуулийг жил бүр зохион явуулж байхаар төлөвлөж  2017 онд болох дадлага сургуулийг Завхан аймгийн Онцгой байдлын газар зохион байгуулахаар ярилцаж шийдвэрлэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
kkk:
Ontsgoi hiliin tsereg zevsegt huchin bol mongol ulsiin orshin togtnoh batalgaa ed nar bhgui bol mongol hen ch bish yu bish bolno.oligtoihon hurungu munguur demjij bh heregtei shuu sard 5sayaiin tsalin uguh heregtei
2016-09-30
zochin:
Sain baina zaluusaa, saihan mergejlee sain ezemsheerei, uls orond chuhal bolood baina shyy, amjilt hysie
2016-09-30