Хэвлэл мэдээллийн төвийг нээлээ
2016-09-30

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Хэвлэл мэдээллийн төвийг Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд  нээн ажиллуулахаар болсон. Тус төвийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар оролцов.

 

 

Засаг дарга С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Би ирэх дөрвөн жил иргэдтэй нээлттэй ажиллаж өөрийн гаргаж байгаа шийдвэр мэдээллийг энэхүү төвөөр дамжуулан иргэддээ хүргэнэ. Энэ төв маань зөвхөн Нийслэлийн төр захиргааны байгууллагын мэдээллийг хүргэхээс гадна сэтгүүлчдийн ажлын байр байх юм. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хэн нэгэн даргаас зөвшөөрөл авалгүй энэ төвд ирээд ажлаа хийж боломжтой” хэмээв.

 

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Галаарид “Улаанбаатар хот маань хэвлэл мэдээллийн чиглэлээр азтай удирдлагуудтай байдаг гэж би боддог. Э.Бат-Үүл засаг дарга байхдаа 1998 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль батлагдахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн улстөрч байлаа. Одоогийн засаг дарга маань мөн мэдээллийн ил тод байдалд анхаарал тавьж нэгдсэн мэдээллийн төвийг байгуулж байгаа нь чухал үйл явдал гэж бодож байна” хэмээсэн юм.

 

Энэ долоо хоногт хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг долоо хоног тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус төвийн нээлтийг өнөөдөр товложээ. Энэхүү төв нь “Хангарьд” ордны нэгдүгээр давхарт байрлаж байна.

 

Тус төвд есөн компьютер болон хуралдааныг шууд дамжуулах хоёр дэлгэц  байрлуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-09-30