Голомт банк мэдэгдэл хийлээ
2016-10-05

 

“Алтандорнод Монгол” ХХК болон түүний холбоотой компаниудыг 100 хувь эзэмшигч иргэн Тордайн Ганболдын зүгээс Голомт банк болон Монгол Улсын шүүхийн тогтолцооны эсрэг сонин хэвлэлээр удаа дараа гүтгэлгийн шинжтэй, “Шүүхээс Голомт банкинд хуулиас давсан давуу эрх удаа дараа олгожээ”, “Мэхт мэхэндээ буюу Голомт Т.Ганболдыг 10 тэрбумын өрөнд унагах гээд өөрсдөө “шаварт” зоогджээ”, “Ил захидал” гэх зэрэг нийтлэлүүд нийтэлж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

 

Иргэн Т.Ганболд та 2011 оны 09 сарын 09-ний өдөр ОХУ-ын иргэн С.В.Паушоктой Хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж, түүний эзэмшлийн “Алтандорнод Монгол” ХХК, холбогдох бусад компаниудыг 100 хувь өөрийн мэдэлд шилжүүлэн авсан билээ. Тус групп компаниудыг худалдан авахдаа та бүхэн 2008 оноос хойш судалгаа хийн бүх хөрөнгийг үнэлж, 300 орчим сая ам.долларын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, эрсдэлийг тооцож авсан болохоо 2011/11/28-ны “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаараа олон нийтэд зарлаж байсан (http://www.24tsag.mn/content/3375.shtml).

 

Групп компаниудыг худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт - компани шилжүүлэх баланс болон санхүүгийн тайлан дээр тус компанийн нийт өр төлбөр, тэр дундаа Голомт банкинд төлөх ёстой зээл, аккредитивийн өр төлбөрүүд тодорхой тусгагдсан байдаг. Голомт банкинд төлөх өр төлбөр нь хуулийн дагуу, гэрээ хэлцлийн үндсэн дээр бодитойгоор олгогдсон зээл, аккредитивийн төлбөрүүд байсан ба иргэн Т.Ганболд та тэдгээр өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, компаниудын хувьцааг шилжүүлж авсан болох нь дээрх гэрээ хэлцэл болон түүнээс хойш Голомт банктай байгуулсан гэрээ хэлцлүүдэд ч мөн хангалттай тусгагджээ.

 

Гэтэл компаниудыг шилжүүлэн авснаас хойш 5 жилийн хугацаанд та Голомт банкинд дээрх өр төлбөрөө төлөлгүй зайлсхийж, банкны хууль ёсны эрх ашгийг хохироож байна.Түүгээр ч барахгүй өр төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас Голомт банк шүүхээр дээрх төлбөрүүдийг нэхэмжилсэн иргэний хэрэг маргаануудыг хянан шийдвэрлүүлэхгүй удаах, саад болох бүхий л арга саамыг хэрэглэн, шүүгчээс татгалзах, үндэслэлгүй хэрэг маргаан үүсгэх, тэр ч бүү хэл өмнөх эзэмшигч ОХУ-ын иргэн С.В.Паушокийн эсрэг прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх зэргээр шүүх хуралдааныг нийт 30 гаруй удаа хойшлуулж, хугацаа авсаар өнөөдрийг хүрлээ. Голомт банкны шүүхээр нэхэмжилж буй төлбөрт танай компаниудад олгосон зээл, аккредитив, тэдгээрийн хүүний төлбөрөөс илүү зүйл байхгүй болно.

 

Ингэх хугацаандаа барьцаа хөрөнгүүдийг бусдад зөвшөөрөлгүй шилжүүлэх, нөөцийг нь худалдах, хууль бус олборлолт явуулах зэргээр зөвхөн хувьдаа асар их хэмжээний ашиг олж, төлбөр хариуцагч компаниудыг санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах зэрэг хууль бус ажиллагаа явуулж байгаа тань өдрөөс өдөрт ил болсоор байна.

 

Түүнчлэн, энэ хугацаанд гарсан Улсын дээд шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүгч нарт Голомт банк нөлөөлсөн мэтээр ор үндэсгүй гүжир гүтгэлэг тарааж, шүүх болон Голомт банкны нэр хүндэд халдах, олон нийтийн сэтгэл санаанд зүй бусаар нөлөөлөх оролдлого хийж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй, явуургүй үйлдэл болно. Тухайлбал, Т.Ганболд нь “Алтандорнод Монгол” ХХК-ийн Монгол Улсад төлөх татварын 70 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрийг Голомт банкны барьцаанд байсан, дээрх үнээс хэд дахин бага үнэлгээ бүхий “Востокнефтегаз” ХХК-ийн эд хөрөнгөөр, барьцаалагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр татварын өрөнд тооцон шилжүүлж, өөрийн асар их хэмжээний татварын өрөө хаасан нь Монгол Улсын төр болон барьцаалагч Голомт банкийг онц их хэмжээгээр хохироосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

 

Дээрх барьцаатай холбоотой иргэний маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэхдээ барьцааг хүчинтэй гэж үзэж “Востокнефтегаз” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг дээрх барьцаа хөрөнгөөс хангуулахаар эцэслэн шийдвэрлэсээр байтал шүүхийн шийдвэрийг шүүж, нөхцөл байдлыг гуйвуулан хууль бус шийдвэр мэтээр олон нийтэд тарааж байгааг тань дээрх гэмт үйлдлүүдээ нуун далдлах оролдлого гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.

 

Иймд, Монгол Улсын иргэн Тордайн Ганболд танаас Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Голомт банкинд төлөх өр төлбөрийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг шаардаж байна.

 

Түүнчлэн, Монгол Улсын иргэн Тордайн Ганболд та болон танай хамт олноос нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болон бусад асуудлуудын талаар ёс зүйгүй мэдэгдэл хийх, гүтгэсэн гүжирдлэг тараах явдлаа зогсоохыг шаардаж байна.

 

Голомт банк

Shuud.mn
Сонин хачин