“Эрдэнэт”-ын асуудал хууль зөрчсөн эсэхийг баримтаар баталгаажуулна
2016-10-05

УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийлээ. Тус хуралдаанд АН-ын экс дарга З.Энхболд, Сангийн экс сайд Б.Болор нар оролцсон юм. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Хуралдааны дараагаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

 

 

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Бид сөрөг хүчин гээд бүх зүйл дээр сөрөг байр суурь бариагүй. Төсөв, санхүүгийн хуваарилалт дээр болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжээд явна. Мөн орон нутгийн сурталчилгааны хугацаанд асуудал их гарч байгаа. Нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг үйлдэл их гарч байна. Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдаж байгаа учраас сонгуулийг луйвардах, улмаар олонхиороо хүч түрж шийдвэр гаргах зэрэг зохион байгуулалттай зүйл ажиглагдаж байна хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн, Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа: 2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн энэ нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийгдэх зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай буюу нийт 2.6 их наяд төгрөг байхаар орж ирсэн байна. 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ оны эцсээр 1.7 их наядын алдагдал байхаар байна гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2.6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт явагдахгүй гэсэн төсөөллөөр тооцоолсон байна. Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж. 2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2.8 их наядаар орж ирсэн байна. Энэ нь 2.6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2.8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрөө гадаадын болон дотоодын зах зээл дээр юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8.5 их наяд төгрөг гэж тодотгосон.  Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6.9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт АН-ын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргаж ажиллах болно хэмээв.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Хүүхэд харах үйлчилгээг хойшлуулчихлаа. Үүнээс болж 6000 гаруй хүүхэд цэцэрлэггүй болж, энэ үйлчилгээг эрхлэх гээд байшин саваа барьцаанд тавьсан, зарсан хүмүүс байна. Энэ асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

С.Эрдэнэ: Өнөөдөр иргэдэд хүрч байгаа сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоож байна. Зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан байна гэдгийг иргэдэд ойлгуулах далд санаа юм. Бодит байдал дээр 2012 оноос эдийн засаг муудсан. Тухайн үеийн олон улсын зах дээр манай улсын эдийн засгийн ганц тулгуур болсон уул уурхайн түүхий эдийн үнэ ханш 3-5 дахин огцом унасан. Үүнийг дагаад эрсдэлтэй нөхцөл байдал  үүссэн.

 

Өргөн барьсан Төсвийн тухай хуулийг харахад ганц тулгууртай эдийн засгийг олон тулгуурт эдийн засаг руу хөрвүүлэх, түүн рүү зорьсон ямар нэгэн хөтөлбөр арга хэмжээ авах алхам хийх тухай тусгаагүй байна. Харин түүний оронд сайн гэсэн хөтөлбөрүүдийг төсвийн өр болгон харагдуулах гэж улайрч байгаа нь харагдаж байна. 6000 гаруй хүүхэд болон энэ үйлчилгээг эрхэлж байсан иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ дээр ямар нэгэн нөхөн олговрын тухай яригдаагүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль  4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг хэмнэснээр  эдийн засагт ямар үр өгөөж байгаа юм гэдгийг ойлгохгүй байна.

 

-“Эрдэнэт”-ийн асуудал яригдсан уу?

-УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн Ж.Батзандан хоёрт энэ асуудлыг судлах үүрэг өгч ажиллуулахаар болсон. Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдан  авах процесс явагдсан. Энэ асуудалд хуулийн хүрээнд яаж явагдсан, хууль зөрчсөн нь үнэн үү,  худал уу гэдгийг баримтаар баталгаажуулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа.  Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно.

 

З.Нарантуяа: Төсвийн зарлагыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Зарлагыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал зардлыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноос 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байснаас болиулаад 52 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнууддаа дэмжих төрийн бодлогын ухралт болж байна. Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийн 2021 он болгосноор 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Тав, зургаахан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6700 орчим хүүхдийг хохироож байна.  Энэ буруу бодлогуудыг харьцуулж дүгнэж, улс орны эдийн засгийг хямралаас түргэн гаргахын төлөө АН дуу хоолойгоо тууштай хүргэж байх болно. 

 

-Төсөв дээр зээлийн эргэн төлөлтөд 6.6 их наяд гээд төсвөөсөө давсан өр тавьчихлаа. Өрөө дарахын тулд дахиж зээл авдаг байж болох юм уу?    

С.Эрдэнэ: “Чингис” бондны төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр гэнэт энэ бондын өр тулаад ирсэн юм шиг яриад байгаа. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өр авлага төлөгдөх гэж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар Чалкогоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх гэрээ байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ  ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд  уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс л Тавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна. Ер нь 2017 оны улсын төсвөөс эдийн засгийн реформ хийгдээгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Тиймээс бидний хувьд бүрхэг асуудал хэвээр байгаа. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна. Тийм учраас орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.

 

-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх хэмээний тэтгэмж 2017 оны төсөвт танагдахаар орж ирсэн үү. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон. Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмж олгоно гэж байгаа. Өнгөрсөн сард энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй. Яагаад гэвэл хууль цуцлагдсан. 2017 оноос эхлээд тэтгэврээ тогтоолгох иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Үр дагавар нь хортой. Бодит байдал дээр эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.

 

-Хэмнэж болох зардлуудыг танасан болов уу?

-Хэмнэж болох зардал зөндөө байна. 16 дэд сайдын орон тоог байхгүй болгохоос эхлээд туслах, машин унааны зардал, тавилга гээд зардлуудыг хасахад маш олон сая төгрөгийн хэмнэлт гаргаж болно.  Эдийн засгийн хямралтай энэ үед гадаадад байгаа шаардлагагүй ЭСЯ-дын орон тоог гадаад улс орнууд цомхотгож, татан буулгаж байна. Төр өөрөөсөө эхэлж хэмнэх хэрэгтэй.

 

З.Нарантуяа: Төсвийн ерөнхийлөгч захирагч нарын тэвчиж болох урсгал зардлуудаас зөвхөн 24 тэрбум төгрөг хэмнэхээр заажээ. Үүнээс ч олон зардлыг нэмнэж болно. 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирж байна. Засаг даргын Тамгын газрын конторын байр, дарга нарын байрны засвар үйлчилгээ, тохижилт энэ дотор багтжээ. Энэ жилдээ конторын байр нураад уначихгүй бол тэвчиж болно. Хүүхэд харах үйлчилгээнээсээ танаж, ахмаддаа олгох тэтгэмжийг харамлаж байгаа юм чинь Засаг даргын байрны тохижилтыг тэвчиж болно гэж харж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
!!!:
Erdenetiin huwichlaliig shlgaa Huuliin daguu bish bol Ard tumend huwizaa helbereer taraah estoi !!!
2016-10-06
Зочин:
Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зарцуулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь.
2016-10-05
Зочин:
Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зарцуулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь.
2016-10-05
Бичээч:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-05