УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
-Том аж ахуйн нэгжүүдийнхээ орлого зарлагыг зөв тооцсон байх гэж бодож байна. Би УИХ-ын гишүүний хувьд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхтэй. Би энэ эрхийнхээ дагуу мэдээлэл авсан. Намайг бусадтай хуйвалдчихлаа гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьжээ. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад 49 хувийг нь авчихсан юм уу. Надад Засгийн газарт байхгүй, нотлох баримтын хэмжээнд мэдээлэл энэ асуудлаар байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө. Энэ оны зургадугаар сарын 23-нд Ташкентад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт болсон. Энэ уулзалтад ХХБ-ны Орхон очиж эцсийн цэг тавьсан. Би үүнийг л хэлсэн. Одоо нүдэн будилаад байж хэрэггүй. “Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн байдал надад биш намын бүлэгт гаргаж өгсөн тоонууд байна. Улсын төсөвт төлөгдсөн татварын хэмжээ. “Эрдэнэт” үйлдвэр наймдугаар сарын байдлаар 20 тэрбум төгрөг, есдүгээр сарын байдлаар 54 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна гэж ТЕГ ирүүлсэн байна. Ноднин жил энэ үйлдвэр 320 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. ТЕГ-ын дансанд орсон мөнгө буцаад цалин тэтгэвэрт гарсан. Гэтэл “Эрдэнэт”-тэй адилхан үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компани 278 тэрбум төгрөгийг татвар төлсөн байна.
Н.Нягт