Татварыг тэглэчихвэл ямар вэ?
2016-10-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар аж ахуйн нэгжийн ОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байлаа.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэчихвэл ямар вэ?  Тэглэвэл аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого болно. Ер нь өмнөх Засгийнхаа хэрэгжүүлсэн ажил болгоныг үгүйсгэж байна. Өмнө нь 90 хувийн урамшуулалт олгож байсан. Аж ахуйн нэгжүүдээ ялгаварлаад байх шаардлага байна уу. Эдийн засгийн бодит боломж байгаа бол хэрэгжүүлээд явъя. Хоёрдугаарт “Эрдэнэт”-д асуудал байгаа бол шалга. Манай,танай нам гээд ярих зүйлгүй. Өөрөө цэвэр гарч байвал бусад нь хамаагүй гэж яриад байдгаа болих хэрэгтэй. Засгийн газраас гарсан ажлын хэсэг дүгнэлтээ хаалттай  хуралдаанаар чуулган дээр мэдээлж болдоггүй юм уу. Би ч бас адилхан мэдээлэл авмаар байна. Эрдэнэтийн 49 хувь Монголын асуудал болсон гэж бодож байна.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:                                            

 

-Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайдын урилгаар аж ахуйн нэгжийнхэнтэй уулзсан. Энэ үеэр дурдагдсан аж ахуйн нэгжүүд дээр татварын хөнгөлөлт бий болгоё гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд татварыг нь аваад буцаагаад өгдөг байсан юм билээ. Энэ нь нэлээн асуудал үүсгэдэг байсан гэсэн. Энэ санал Засгийн газрын гэхээсээ хувийн хэвшлийнхний өөрсдийнх нь оруулж ирсэн санал. Засгийн газар хамгийн гол гэсэн дөрвөн зүйлээ оруулаад ирж байгаа. Бүх хувийн хэвшлийг хамруулъя гэвэл 30-аад тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөнө.

 

Эрдэнэттэй холбоотой Засгийн газрын ажлын хэсэг хуралдаад, өнгөрсөн Засгийн гаргасан буруу шийдвэрийг засахаар болсон. Эрдэнэтийн 51 хувь хувийн хэвшилд шилжсэнийг засах шийдвэр гаргасан. Энэ асуудлаар хандах нь нээлттэй байгаа. Үүнд цэг тавих хэрэгтэй. 2016 оны зургадугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын протокол нууц байсныг ил болгосон.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-1 хувь болгож байгааг ойлгохгүй байгаа. Бусад  4 салбарыг яагаад ялгаварлаад байна. Бизнес эрхлэгчдэдээ гэнэт хайртай болгочихсон юм бол татвараа тэглэчих хэрэгтэй. АН-ын шийдвэрийг улстөржсөн гээд байгаа. Тэгвэл тэр нь зөв улс төрийн шийдэл байсан.  Ангилсан татвартай болгох шаардлага байна уу. Ирэх долоо хоногт сонгуулийн санал хураалт явагдана. Энэ чинь сонгуулийн шоу. Та нар нас, зүс, хүйсээр нь ялгаж байна. Та нар оюутнуудыг, хүүхдүүдийг, ахмадуудыг ялгаж байна. Цэцэрлэгийг хүртэл ялгачихсан. Хувийн цэцэрлэгийг дэмжээд гэр цэцэрлэгийг ялгачихлаа. Та нам МАН гэдгийгээ Монголчуудыг ангилдаг нам болгочих.

 

Хуульзүйн сайд С.Бямбацогт:

 

-Үүнд ямар нэг ялгаварлалын асуудал байхгүй.  Үеийн үед төр, засгийн гаргадаг  бодлого шийдвэр байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Орлогын албан татварыг 1 хувь болгох санаачлага гаргаж байлаа. Тухайн үед хэрэгжээгүй. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан.  Та хүнд суртал гаргадаг, шан харамж авдаг хүн. Тиймээс та 10 хувийг авчихаад 90 хувийг буцааж олгох уу яах вэ гэдэг байсан. Үүнийг нь  тодорхой салбарт 1 хувийн татвартай болгоё гэж оруулж ирж байгаа. Гадаад худалдаа, импортыг дэмжсэн аж ахуй нэгжүүдээ дэмжиж байгаа юм. Бодлогын хүрээнд 4700 гаруй аж ахуй нэгж энэ хуульд хамрагдана. 1.3 тэрбум төгрөгөөр татварын орлого буурна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teg yumuu neg huviin tatvar zugeer
2016-10-07