Татварыг хөнгөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив
2016-10-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн ОАТ-ын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хуулийн төсөлд үйлчилгээ, худалдааны салбарыг нэмж оруулах хэрэгтэй.

 

Холбогдох байгууллагууд тооцоо судалгаагаа тооцон оруулж ирэх байх. Энэ хууль батлагдсанаар далд эдийн засаг ил болж, үйлдвэрлэл нэмэгдэх байх.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нь зөв. Ер нь  аж ахуйн нэгжүүд бүгд дампуурчихаад ажиллахгүй байгаа юм биш. Нэг хэсэг нь улсын бүртгэлд бүртгүүлчихээд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Зарим хэсэг нь үйл ажиллагаагаа түр түдгэлзүүлсэн.  Мөн зарим хэсэг нь дампуурсан байгаа. Цаашдаа аж ахуй нэгжүүдээ алагчлахгүй байх хэрэгтэй. Эдийн засаг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Торгуулийн хугацааг уртасгах, хаагдсан дансыг нээх Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байна.  Бидэнд бодлогын нэгдэл, судалгаа тооцоо хэрэгтэй байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Аж ахуйн нэгжүүдийн ОАТ-ын тухай хуулийн төслийг хоёрдмол утгаар нь дэмжих боломжгүй байна. Харилцан хамааралтай аж ахуйн нэгжүүдийн орлогын нийлбэрээс хамааран татварын хөнгөлөлтөд хамруулах эсэхээ шийднэ гэж байгаа. Энэ бол хугацаатай хууль гэдгийг аж ахуйн нэгжүүдэд сурталчлах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Татварын орлогыг бууруулснаар үйл ажиллагааг нь өргөжүүлж байна гэж байна. Цаашдаа аж ахуйн нэгжүүдээ хэрхэн ажиллахад нь анхаарах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийг яаж сэргээх вэ. Орон нутгийн сонгууль хаяанд тулаад ирсэн байна. “Эрдэнэт-ийн 49 хувийг гарын үсэг зураад хуйвалдаад авчихдаг юм биш.  Өнөөдөр улстөр хийх цаг биш. Монголын улстөр хэзээ ч булаацалдаанаасаа салахгүй нь.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Хуулийн төслийг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй байна.  ЖДҮ эрхэлж, ажлын байр бий болгож байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Харин Засгийн газар тооцоо судалгаагаа сайн боловсруулж оруулж ирмээр байна.

 

Ийнхүү гишүүд санал хэлсний дараагаар Аж ахуйн нэгжийн ОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явуулав.

 

Гишүүдийн 63 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингээд хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой Сонгуулийн тухай  хуулийн зарим хэсэг бүлгийг хүчингүй болгох тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Д.Ганхуяг 99116570:
Алаг үзэж болохгүй. Жишээ нь оюуны болон үйлчилгээний салбарыг орхиж брлрогүй. Харин дамын худалдааны салбарыг хөнгөлөхгүй байж болно.
2016-10-09