У.Хүрэлсүх цэргийн ангидаа зочиллоо
2016-10-18

 

Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр Шувуун фабрик дэх Зэвсэгт хүчний 120-р ангид ажиллаж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрбээр 1989 онд буюу одоогоос 27 жилийн өмнө тус цэргийн ангид офицероор ажиллаж байжээ. 27 жилийн дараа өмнө нь ажиллаж байсан цэргийн ангидаа хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа тэрбээр энэ үеэр илэрхийлсэн юм. Шадар сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Олон жилийн дараа цэргийн ангидаа ирсэндээ баяртай байна. Миний ажиллаж байсан үеэс маш их өөрчлөгджээ. Шинэ зүйлүүд нэмэгдсэн байна. Сайхан байна” гэсэн юм.

 

Энэ үеэр тэрбээр тус цэргийн ангид алба хааж буй цэргүүдтэй уулзаж санал бодлыг нь сонссоны зэрэгцээ Мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулж 100 хоногийн хүрээнд Батлан хамгаалахын салбарт хэд, хэдэн хуулийн төслийг баталсан талаараа ярилаа. Тэрбээр энэ талаар “Засгийн газраас өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчинд нилээд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Ээлжит бус чуулганы үеэр Батлан хамгаалахын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн алба хаагчдын тухай, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн баталсан байгаа. Энэ нь Батлан хамгаалахын салбарыг шинэчилж, эрхзүйн орчинг тодорхой болгож өгсөн хэрэг юм. Ингэснээр зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар үйл ажиллагаагаа явуулах шинэ эрхзүйн орчинтой болж байна гэсэн үг юм” гэлээ.

 

Зэвсэгт хүчний 120-р ангийн түүхт 50 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд өөрийн зүгээс уг арга хэмжээнд оролцоно гэдгээ тэрбээр мөн илэрхийлж байв. Тус анги нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг “Монгол цэргийн жавхаа” уралдаанд тэргүүн байр эзэлж байснаас гадна жил бүр албан хаагчдаа энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй явуулдаг ангиудын нэг аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин