117 нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулна
2016-10-20

Гэрэл зургийг MPA.MN

 

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүн мэдээг сум, дүүргийн сонгуулийн хороо тав хоногийн дотор нэгтгэж, Сум, дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлэх хуулийн заалттай гэдгийг хэлэв. Ингэж өргөн мэдүүлсний дараа буюу долоо хоногийн дотор сонгуулийн дүнг олон нийтэд мэдээлэх ёстой юм байна. Түүний мэдээллийг хүргэж байна.

 

-Сонгуулийн дүнгийн мэдээлэл удаан гарч байна гэсэн шүүмжлэл байна?

 

-УИХ-ын сонгуульд 76 тойргийн 500-аад нэр дэвшигчийн мэдээ гардаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэг тойрогт 4-5 нэр дэвшигчийн мэдээлэл маш хурдан хугацаанд гардаг. Харин сум, дүүргийн Иргэдийн хурлын сонгуульд 1765 тойрог, 7308 мандат, 15191 нэр дэвшигчтэй өргөн хүрээнд явагдлаа. Тиймээс мэдээлэл тэр даруйдаа гарах боломжгүй байна. Бид сум, дүүргийн сонгуулийн хорооноос мэдээллээ хурдан өгөхийг шаардаж байгаа. Өчигдөр энэ асуудлаар СЕХ хэд хэдэн удаа хуралдаж, зөвлөмж хүргүүлсэн.

 

-Хэдэн тойрогт нэмэлт санал хураалт явагдах вэ?

 

-Санал хураалтын ажиллагаа дуусаагүй байна. Зарим хэсгүүдэд ирц хүрээгүй учраас энэ сарын 23-ны ням гаригт дахиж явуулна. Ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулахыг хуулиар зөвшөөрсөн. Саналаа өгөөгүй сонгогчид оролцоно. Сум, дүүргийн иргэдийн хурлын 1765 тойргийн 135-т нь нэмэлт санал хураалт явагдана. Аймгуудад 57 тойрогт, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна. Үүний дараа сонгуулийн дүн гарна.

 

-Дахин санал хураалт явуулах тойрог бий юу?

 

-Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол гарсан. Энэ тохиолдолд дахин санал хураалт явуулах хуулийн заалттай. Нийт 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн дүн гарсан. Тэгэхээр 117 нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явагдана. Дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулна.

 


 

Дахин санал хураалт явагдах аймгууд

 

Архангай- 2 хэсэг

Баян-Өлгий- 2 хэсэг

Баянхонгор- 3 хэсэг

Булган- 4 хэсэг

Говь-Алтай- 3 хэсэг

Говьсүмбэр- 1 хэсэг

Дорноговь- 2 хэсэг

Дорнод- 4 хэсэг

 Дундговь -1 хэсэг

Завхан -3 хэсэг

Өвөрхангай -2 хэсэг

Өмнөговь -1 хэсэг

Сүхбаатар -2 хэсэг

Сэлэнгэ- 3 хэсэг

Төв- 6 хэсэг

Увс -4 хэсэг

Ховд -3 хэсэг

Хөвсгөл -3 хэсэг

Хэнтий -3 хэсэгт дахин санал хураалт явагдана.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сонгуулийн хороо мэдээлэл муу хийж байна өнгөрсөн хойно нь ингээд сууж байдаг. Яагаад эдийн засгийн ийм үед дахин сонгууль хийнэ гээд байж байдаг хэдэх үг алга. Нөгөө талаас ард иргэд ийм хуймхай төр засагт итгэх итгэл нь алга болсон хэнд нь ч аль ч намд санал өгөх сонирхол алга болж ээ
2016-10-21
Зочин:
Нэг л өдөр хүмүүс саналаа өгдөг биз дээ.
2016-10-20
zochin:
songuuliin horoo mash muu ajillasan
2016-10-20