Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа эхэлжээ
2016-10-24

Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд курдууд оролцож  эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Курдууд өчигдөр орон нутгийн цагаар 22.00 цагт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн Мосул дахь цэргийн баазад цохилт өгчээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр исламын улсын 50 гаруй дайчныг устгаж, 20 гаруй техник төхөөрөмжийг устгасан талаар дээрх цэргийн ажиллагааны командлагч мэдэгджээ. Командлагч “Цэргийн ажиллагааны үеэр бид исламын дайчдыг Мосул хотоос зугтаахаас сэргийлсэн. Тэднийг нэг бүс нутагт байршуулсанаар олон улсад илүү амар болно. Одоо АНУ тэргүүтэй цэргийн эвсэл хэт даврагчдын байршилд цохилт өгөх хэрэгтэй. Бид энэ талаар албаны хүмүүстэй уулзсан. Пентагон бидний  мэдээллийг шалгахаа илэрхийлсэн” гэж хэллээ.

 

Туркийн Засгийн газар өнгөрсөн долоодугаар сараар Иракийн томоохон хотуудыг чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн юм. Курдуудын өчигдрийн дайралтын үеэр туркийн тусгай хүчин Мосул хотын хил орчимд байрлах хэт даврагчдын хуаранг устгажээ. “Туркуудыг цэргийн ажиллагаа нэрээр курдуудыг устгаж байна” хэмээн олон улс буруутгадаг билээ. Уг мэдээллийг Анкара үгүйсгэсээр байна.

 

Иракийн арми болон АНУ-ын дэмжлэгтэй өнгөрсөн долоо хоногооос Мосул хотоос холгүй байрлах Киркик хотыг чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн юм. Иракийн Ерөнхий сайд Хайдид аль Абади мэдэгдэхдээ “Киркик хотоос ихэнх хэт даврагчдыг хөөж гаргасан. Тун удахгүй бид Киркик хотыг чөлөөлөх болно” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин