Сургуулийн байранд халдлага боллоо
2016-10-25

Пакистанд террорист халдлага болж, олон хүн амиа алджээ. Энэ талаар “www.mirror.co.uk” мэдээллээ.

 

 

Пакистаны Куетта хотноо өнгөрсөн шөнө террорист халдлага боллоо. Автомат буу болон тэсрэх төхөөрөмжөөр зэвсэглэсэн бүлэг этгээд тус хотноо байрлах Цагдаагийн сургуулийн байранд халдсан байна.

 

Зэвсэглэсэн этгээдүүд харуулын байрыг эхэлж дэлбэлээд, улмаар барилга руу нэвтэрчээ. Уг халдлагын улмаас 44 хүн амиа алдаж, 118 хүн бэртжээ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй талаар албаныхан санууллаа. Дараалласан гурван дэлбэрэлт болсон хэмээн гэрчүүд мэдээлж байна. Тус сургуульд 618 оюутан суралцдаг бөгөөд халдлагын дараа сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

 

Эхний дэлбэрэлтээс нэг минутын дараа дараагийн дэлбэрэлт болсон байна. Хоёр дахь дэлбэрэлт лекцийн танхимд болжээ. Энэхүү халдлагаар 22 сонсогч амиа алдсан аж. Харин гурав дахь дэлбэрэлт таван минутын дараа сургуулийн үүдний хэсэгт болжээ. Террористууд гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж ашигласан байна.

 

Эрх баригчид халдлагын цаана талибанчууд байгаа хэмээн таамаглаж буй ч тус бүлэглэл одоогоор дээрх халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байгаа юм. Ерөнхий сайд Сафраз Мугти “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Халдлагын буруутанг олохоор ажиллаж байна. “Талибан”, “Аль Кайди” эвсэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэхүү халдлагын ард байгаа эсэхийг тогтоогоогүй байна. Эдгээр бүлэглэлийн нийгмийн сүлжээг шалгаж байна. Буруутан тун удахгүй илрэх болно. Өнөөдөр бид эрэлхэг 44 хөвгүүнээсээ саллаа” хэмээн мэдэгджээ.

 

Халдлага болох үед террористууд барилга дотор байсан гэх мэдээлэл гарах болсон байна. Уг мэдээллийг Куетта хотын дарга Мухаммед Бахри “Тэд оюутнуудын дүрээр сургуулийн барилгад нэвтэрсэн байх магадлалтай. Гэхдээ энэхүү мэдээллийг батлах ямар ч нотолгоо бидэнд алга. Бид гашуудаж байна. Дахин халдлага болохоос эмээж байна” гэв. 115 сонсогчийг дотуур байрнаас нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулжээ.

 

Сургуулийн барилга, дотуур байрыг нийт 700 гаруй цагдаагийнхан хамгаалж буй бөгөөд дахин халдлага гарахаас урьдчилан сэргийлэн хотын төвүүд дэх хяналтын камеруудын тоог нэмсэн байна.

 

Энэхүү халдлагаас хагас цагийн дараа Бугти хотноо мөн террористууд халдлага үйлдэж, үйлчилгээний байгууллагын гурван ажилтанг хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ хэрэг халдлага холбоотой байж магадгүй талаар албаныхан өгүүлэв.

 

Пакистанд болсон цуврал халдлагын дараа Афганистан тус улстай хиллэх хил орчимдоо хяналтаа нэмэгдүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Куетта хот нь Афганистаны хилийн ойролцоо байрладаг бөгөөд террористууд тус хотоор дамжин Афганистанд хүрдэг хэмээн Ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгдэж, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн билээ.  Сүүлийн үеийн мэдээллээр “амиа алдагсдын тоо 48-д” хүрсэн талаар “ВВС” агентлаг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Куетта хотноо өнгөрсөн наймдугаар сарын 8-ны өдөр террорист халдлага болж, 88 хүн амиа алдсан билээ. Террористууд түргэн тусламжийн төвд халдлага үйлдсэн юм. Амиа алдагсдын дунд “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын ажилчид байсан талаар хэвлэлийнхэн мэдээлжээ.

 

Эмнэлгийн байр руу нэвтэрсэн террористууд аль бүлэглэлийн дайчид болохыг өнөөг хүртэл тогтоогоогүй байна. Хохирогчдын гэр бүл өнгөрсөн сарын 2-нд жагсч, буруутанг хайх ажиллагаа хэтэрхий удаашралтай байгааг буруутгасан билээ. Эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн Марден хотноо террорист халдлага болж, 12 хүн амиа алдаж, 50 хүн шархтжээ. Эрх баригчид аргагүй эрхэнд дээрх жагсаалыг хүчээр тараасан байна.

 

Куетта болон Марден хотын халдлагыг талибанчууд үйлдсэн тухайгаа өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Куетта хот нь Пакистаны хамгийн аюултай бүс нутаг бөгөөд талибанчууд халдлага үйлдэх нь элбэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-10-25