Иргэдийн хурлын инээд, ханиад
2016-10-26

Хоёр дахь удаагаа зарлагдаж, нөхөөс нэмэр авч байж ирцдээ хүрсэн энэ сонгууль улс төр мэдэгч нарын итгэлтэй таамагласнаар МАН-ын ялалтаар өндөрлөлөө.

Том сонгуульд ялсан нам тэр фоноороо Иргэдийн хуралд ялчихдаг нь уламжлал болсон тул МАН-ын индэрт цэцгийн баглаа барьсан их баярын дүр зураг харагдсангүй. Нуга нутагтаа, дош тойрогтоо ялсан нэр дэвшигчид хаалтаа хийн жаахан савсан сураг их байна. Хэрэг бүтлээ гэдэг шиг багаараа ялалтаа тэмдэглэсэн шинэ төлөлөөгчид шарталтаасаа гарч байгаа гэж найдья. Энэ бол ялалтаа үүрэг хариуцлага биш, найр баяр баатарлал болгодог манай сонгуулийн нэг инээд ханиад.

 

Сонгууль бүр сургамжтай. ИТХ-ын энэ сонгууль ирц хүрээгүй гэдэг онцлох тэмдэглэлтэй үлдлээ. Сонгууль манайд царцах хандлагатай болж байгаа нь намууд болоод төрд итгэх иргэдийн итгэл унаж буйг харуулж байна гэж олон судлаач хэллээ. Үүнийг нь ээлжит орон нутгийн сонгууль батлав. Одоо иргэд эрх баригч намын өнөө маргаашийн ажлыг дүгнэхээс илүүтэй намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлж, төр барьж байгаа энэ тогтолцоо олигархуудыг тэтгэсэн хэлбэр төдий юм гэсэн эргэлзээн дээр ирээд байна. Дөрвөн жилийн дараа хоёр нам яг адилхан гэдэг дүгнэлт нэг талдаа гарчихвал дараагийн ямар ч сонгууль хэцүүднэ. Нэг бол аргадсан албадсан хосолмол, нэг бол хэт эргэсэн буюу баахан азтангууд төөрч гарсан дампуурал болж мэдэхээр. Энэ талаасаа дахин итгэлээр эрхээ баталгаажуулсан МАН тун чухал хувь заяаны шугаман дээр зогсчээ.

 

Энэ сонгуулийн дурсамж гоц зүйлгүй. Хайрт намууд хөгжүүлэгч, хамгаалагч гэсэн эрс тэс агуулгатай хөмсөг уриан дор үзэлцэв. АН-ын сонгуулийн штаб шинэ засгийн өнгөрүүлсэн алдаан дээр оноо авах гэсэн маш явуургүй тактик барьсан нь амжилтыг нь улам л доош татав. Цөхөрсөн иргэдийн “арай ч дээ” гэсэн үглэлтэй ТВ шторк нь шийдэл хүлээсэн ард түмэнд бүр залхуутай санагдсан байх талтай. МАН-аас манийгаа хамгаалах мэтийн ядмаг гаргалгаатай АН-ын шторкууд нь хороо багийн хөгжил, хашаа хайс тохижилт ярьдаг иргэдийн хурлын нэн идэвхтэй сонгогчдын саналд хуруу нэмэр болсонгүй. Бүр цаашаа болгов.

 

“АН-ынхаан. Эхлээд дотроо учраа олоо. Тэгээд биднийг хөгжүүлэх, аврах тухай яриарай” гэсэн сонгогчдын зэмлэлтэй үгээр айлаас айлд үдүүлж байгаа нэр дэвшигчид нь хөөрхийлөлтэй харагдаж байлаа. Өнөөх эрх барих үедээ бүхнийг баригч, чадагч байсан лидерүүд нь багаа дэмжиж үг хэлж ярилцлага өгсөнгүй, бүгсэн байдалтай өнгөрүүлэв. Харагдаагүй нь бараг том нэмэр болсон байх. Тэдний л сэгсэрсэн алдааны хор одоо ч дусалсаар байгааг ард түмэн мэдэрсэн хэвээр байгааг энэ сонгууль харуулж байна. Том зургаараа бол сонгуулийн өмнө АН дотоод асуудлаа ядаж хэлбэрийн хувьд цэгцэлж, улс төрийн богино акц хийж ҮЗХ хуралдуулаагүй нь Орон нутгийн сонгуулийг тоохгүй байгаа мэт харагдууллаа.

 

Лидерүүд нь халуун сэдвээсээ тойрч намаржин бултсаар парламентын нэг гишүүнээ сонгууль удирдах даргаар томилсон болоод бултсан. Сонгогчиддоо хандаж алдаандаа гэмшсэн ганц мэдэгдэл хийж уур амьсгалыг зөөлрүүлсөнгүй. Үндсэндээ орон нутгийн сонгуульд хүч үзсэн АН-ын гишүүд бор зүрхээрээ буюу улаан нүүрээрээ л орлоо. Намын нэр нь тод зарлагдвал бараг гай болох шахуу урьдах алдаа зэмлэлтэй хэдэн нэр дэвшигчид нь сонгуулийн тайзан дээр гараад гундуу буулаа.

 

Унасан нэгийгээ араас нь гөвшөөд байгаа биш АН тогоон дотроо буцалсаар ширгэх бий гэдэг айдас олон гишүүн, дэмжигчдэд нь бий болсныг хуваалцмаар. “Алив бос” гэж АН-д уриалсаар гишүүд нь залхжээ. Ганц намтай бус олон намын тогтолцоотой ардчилсан улс болох илэрхийлэл гэдгээ санаад сөрөг хүчний ачаа үүргийг даах байх гэж найдья. АН амьд гэдгийг харуулж бор зүрхээрээ гудамж метрлэсэн, шат тоолон зүтгэсэн жирийн гишүүд зөндөө.,

 

Ялсан ялагдсан яахав, нэр дэвшигч нарт нь баяр хүргэе. Сая илүү хүнтэй их хотынхоо гурван дүүргийг авч явах үүргийг АН төлөөлөл хүлээсэн байна. Ганц дүүрэг ч үгүй үлдэж мэдэх хатуу шанааг авсан нам гэхэд чамлалтгүй. АН-ын хагарлын ганц цагаатгал болдог нээлттэй, ил тод байдаг ялгарал нь ирэх сонгуульд ялалт зөгнөж магадгүй л юм. Нэг нам төр барих энэ 4 жилийн уртад АН-ын ил тодын зарчим “үгүйлэн санана” болж ирэхийг үгүйсгэхгүй. Харин энэ бүх ялагдлын эхийг тавиад, эцсийг нь даахгүй бултаж даргын сонгуульд дахин биеэ бэлдээд байгаа АН-ын “томчууд” энэ намар хаана байв.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-26