Байгаль орчныг хамгаалах ажлын гүйцэтгэлийн мэдээллийг жил бүр авна
2016-10-26

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын  2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус  хийлээ.

 

Ирэх оны төсөвт ойн хортон шавьжтай тэмцэхэд зориулж 3 тэрбум төгрөг тусгажээ.  Энэ мөнгө нь ойн хортон шавьжтай тэмцэхэд хүрэлцэхгүй аж. УИХ-ын гишүүн А.Сүхбат “Ой бүхэлдээ хортон шавьж, авгалдайгаар дүүрч байна. Хортон шавьжуудыг устгаж ойгоо бүрмөсөн цэвэрлэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хэрвээ энэ төсвөөр  хортон шавьжтай тэмцэнэ гэвэл мөнгийг усанд хаясантай чулуу  адил болно.  Хортон шавжийг 100 хувь устгах хэрэгтэй” гэсэн юм. Тиймээс ойг хортон шавьжаас хамгаалахад нэмж 9 тэрбум төгрөг зарцуулах саналыг гишүүн Г.Тэмүүлэн, Б.Сарангэрэл нар гаргалаа.  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэ саналыг дэмжсэн юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав:

 

-Хортон шавьжийг бүрмөсөн устгаж, ойг эрүүлжүүлэн цэвэрлэхэд зориулж гишүүд ирэх оны төсөвт нийтдээ 12 тэрбум төгрөгийг зарцуулахаар санал гарган дэмжлээ. Байгаль хамгаалах газрынхан гүйцэтгэлдээ хариуцлагагүй ханддаг гэж гишүүд шүүмжилж байна. Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо байгаль орчныг хамгаалах, хортон шавьжтай тэмцэх ажлын хяналт  гүйцэтгэлийн мэдээллийг жил бүр авч байх болно гэдгийг мэдэгдлээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир “Баянхонгор аймагт холбогдох яамны зөвшөөрөлтэй шонхор шувуу агнахаар ирсэн хүмүүс яваад байна гэх мэдээлэл байна. Энэ талаар яамныхан надад бичгээр хариу ирүүлээрэй.  Би ирэх оны төсөвт Газар тариалангийн салбарын мэдээллийн сан, бэлчээрийн ургамлыг хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлд 500 сая төгрөгийг нэмж тусгах санал оруулж байгаа юм” гэлээ. Байнгын хорооны гишүүдийн олонх нь уг саналыг дэмжсэн юм.

 

Ингээд тус байнгын хорооноос гаргасан дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин