“Мишээл”, “Драгон” төвд гадаад паспортын захиалга авна
2016-10-26

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд тус газрын дарга Р.СОдхүү, дэд дарга Д.Дэлгэрсайхан, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

 

Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн гадаад паспорт захиалахад дараалал үүсэхгүй болно гэдгийг тус газрын мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь гадаад паспортын захиалгыг ОӨУБЕГ-ын үйлчилгээний хэлтэст авахаас гадна “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” гэсэн гурван үйлчилгээний төвд байрлах нэг цонхны үйлчилгээгээр авахаар болжээ. Тус төвүүдэд дүүрэг хамаарахгүй гадаад паспортын захиалгыг авах юм байна. Мөн гадаад паспортын сунгалтыг ОӨУБЕГ-ын үйлчилгээний хэлтэст хийхээс гадна тухайн иргэн өөрийн оршин суугаа дүүрэгтээ хандан сунгалтаа хийлгэх боломжтой болох аж.

 

Гадаад паспортыг шинээр захиалахад 7-14 хоног хүлээдэг. Гэсэн ч иргэдийн дунд эрэлт үүссэн учраас долоо хоногийн хугацаанд олгож байгаа аж. Өнөөдрийн байдлаар захиалсан эзэн нь ирж аваагүй 5 мянга гаруй гадаад паспорт ОӨУБЕГ-ын үйлчилгээний гуравдугаар хэлтэст байгаа юм байна.

 

Өнгөрсөн саруудад гадаад паспортын бэлдэц хомсдсоны улмаас хэвлэлт доголдоод байсан. Харин өнгөрсөн наймдугаар сараас төсөв санхүүг шийдэж, бэлдэцийг ХБНГУ-д үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвийн явагдаж эхэлсэн.

 

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд 94 мянган хүн гадаад паспорт шинээр захиалан авчээ. Гадаад паспортын бэлдэц хомсдсоны шалтгааныг ОӨУБЕГ-ын дарга Р.Одхүү “Ажилчдын хариуцлаггүй байдлаас болж гадаад паспортын бэлдэцийг хэвлэдэг Герман улстай хийсэн гэрээгээ зогсоож, төлбөрөө төлөөгүй байсан. Үүний улмаас бэлдэц хомсодсон. Бид ажлаа аваад тус улс руу төлөөлөгч явуулж шинэчилсэн гэрээ байгуулсан. Улмаар гадаад паспортын захиалга, хэвлэлт жигдрээд байна” хэмээв.

 

Хурлын үеэр Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчлэн зохион байгуулагдсан 75 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Засгийн газрын 100 хоногийн хугацаанд улсын бүртгэлд 23548 хүн шинээр бүртгэгдэж Монгол улсын хүн ам өнөөдрийн байдлаар 3 сая 104 мянгад хүрчээ. Мөн 28938 хүүхэд мэндэлж, 5304 өрх айл шинээр гэрлэлтээ батлуулсан болохыг албаныхан мэдээллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баадай:
ЭНэ бол үнэхээрийн үр бүтээлтэй ажил байна. Болдог л юм байна шдээ. Та нарын ажилд амжилт хүсье
2016-10-26