Дөрвөн жилийн хугацаанд 92 хүүхэд амиа хорложээ
2016-10-28

 

БСШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад  ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.

 

Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон талаар мэдээллээ. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс дээрхи мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

 

“Цахим гадуурхал цаашаа” уриан дор эхэлж буй уг хөтөлбөр нь сошиал медиа, интернетийн зөв хэрэглээг олон нийтэд уриалах аж.

 

Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх гэдэг нь ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах болон дарамтлахыг хэлнэ. Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй. Уг гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд амиа хорлоход хүргэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний бүх ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орох аж. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирэх сарын 1-нээс эхлэн “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аврана” уриан дор сайн дураараа цусаа өгөх өдөрлөг зохион байгуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
niigmiin, toriin emgenel,,,yagaad zaluus iim um hiij baina, Gutarch baina shdee,,,yaduu, amdrah bolomj baihgui , ajil baihgui, tor ni zaluusaa anhaarahgui,,,niigmiin asuudal hariuzsan yam, gazar ajlaa hiij medehgui,,,
2016-11-01