Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжив
2016-11-02

Эдийн засгийн байнгын хорооны  “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн  хүрээнд төсвийн алдагдлыг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж бууруулах зорилт тавьжээ.  Энэ хүрээнд Тавантолгой, Гацуурт зэрэг стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулахаар тусгажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Эдийн засаг ямар  хугацаанд тогтворжуулах, ажлын байр, мөнгөний урсгалыг яаж нэмэгдүүлэх  талаар  тодорхой тусгасан зүйл нэг ч байхгүй байна. Асуудлыг хэ лэлцэж явцад хариуцах сайд нар нь ч алга. Эдийн засгийн хүндрэл бол мөнгөний хямрал. Үүнийг тогтворжуулж, хөтөлбөрөө биелүүлж чадахгүй бол Засгийн газар, Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Ам.долларын ханш сүүлийн 4 сарын дотор 400 төгрөгөөр өссөн. Одоо болтол дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хэрэв 3000 төгрөгт хүрвэл Засгийн газар автоматаар огцрох ёстой хэмээв.

 

Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нийт 18 сарын хугацаанд төсөв, санхүү, мөнгөний бодлогыг сайжруулах бол хөтөлбөрт туссан зорилтуудыг нийт 3 жилийн хугацаанд багтаан гүйцэтгэхээр төлөвлөж байгааг хэлээд томоохон төсөл арга хэмжээнүүдийг шалгаж, судлах үүрэгтэй ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсныг ажлын хэсгийнхэн тайлбарлав.  Мөн төсвийн алдагдлыг огцом буулгах нь эргээд эдийн засагт сөрөг нөлөөтэй, төлбөрийн тэнцлийн хамт хос алдагдал хүлээдэг учир үе шаттай бууруулахаар тусгасан байна.

 

Монголбанкны БНХАУ-тай байгуулсан 15 сая юанийн своп хэлэлцээр 2017 оны 8 дугаар сард дуусах аж. Цаашид үргэлжүүлж, 25 саяд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй гэсэн байр суурийг төвбанк баримталж байна. Эдийн засгийн хүндрэлийн улмаас арилжааны банкууд дахь уул уурхай, барилгын салбарын чанаргүй зээл эрс өсчээ.  Тиймээс чанаргүйд ангилагдаж байгаа зээлдэгчдэд зориулан эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боломжтой арга хэмжээ авах талаар Монголбанк судалж байгаа аж.

 

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн  84.6 хувь нь дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин