Д.Нацагдоржийн амьдралыг үнэлэхийг хүсээгүй
2016-11-02

Их зохиолч Д.Нацагдоржийн 31 насны амьдрал, уран бүтээл тайзны бүтээл болон олны хүртээл болоход бэлэн боллоо. Зохиолч, сэтгүүлч СГЗ Ш.Гүрбазар Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээр “Жаргаагүй нар” хэмээх зохиол бичиж, найруулагч СТА Ч.Түвшин түүхэн, эмгэнэлт тайзны бүтээл болгож, энэ сарын 4-нд нээлтээ хийх гэж байна. Тус уран бүтээлийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд УДЭТ-ын удирдлагууд болон тус жүжгийн уран бүтээлчид оролцов.

 

 

Найруулагч Ч.Түвшин: Жүжгийн дүрүүдийг судлах, үзэл санаа, тэмүүлэлд онцолж ажиллахыг хичээж байна. Мөн дүрүүдийн хувийн амьдралын эргэлт, хайр сэтгэлийг хандлагыг харуулахыг зорьж байна. Эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан, үнэний төлөө жаргаагүй нар, үүрд дуурсагдах сод найрагчийн тухай жүжиг.

 

Зохиолч Ш.Гүрбазар: Монголын ард түмний хувьд Д.Нацагдоржийн тухай ярих, түүнийг сонсох цаг болсон. Энэ хүндтэй цаг хугацаанд УДЭТ надад ийм хүндэтгэл үзүүлж, бэлгэшээж хүлээн авсан. Зохиолч хүний үүднээс гүн хүндэтгэлтэйгээс гадна бэргэсэн ажлын ард гарч байна. Жүжигт барьсан хоёр зарчмыг хэлэхийг хүсч байна. Мөн үзэгчид анзаарч хараасай гэж хүсч байна. Д.Нацагдоржийн амьдрал, намтарыг үнэлэх гэж яараагүй. Харин Д.Нацагдорж гэдэг энэ туульсыг яаж үнэлэх үү гэдэгт илүү анхаарал тавьсан. Энэ жүжигт улс төр, цаг хугацааны үнэлгээ өгөхийг хүсээгүй. Харин чанадын талаас нь гаргахыг оролдсон туульсын жүжиг болсон.  

 

Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр: Их хүний түүхэн жүжигт намайг урьж ажиллуулсан найруулагчид баярлалаа. Хүн төрөхдөө дуутай, хөгжимтэйгээ ирдэг. Тэр дундаа их зохиолч өөрийн дуутай, шүлэгтэй, хөгжимтэйгээ ирсэн. Энэ тухай та бүхэн жүжгээс үзээрэй. 

Shuud.mn
Сонин хачин