Төрийн нэртнүүдийн дампуурал
2016-11-03

Төр хамгийн менежер гэх үг хаа сайгүй л харагддаг. Энэ үгийг батлах мэт төрийн оролцоотой бүхэн алдагдалтай ажиллаж, өрөндөө баригдсан баримтыг өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр дэлгэв.

 

 

2012 онд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байжээ. Харин  2015 онд 11.3  тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Эндээс ашиг хаачив гэсэн асуулт урган гарна. Улс орон, эдийн засгийн нөхцөл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ удирдлагын багт “но” байсан гэх хардлага байна. Нэг засаг солигдоход л төрийн өмчит байгууллагыг удирдаж байсан хүмүүс хөрөнгө санхүүгийн хэргээр “аав”-ын хаалга татдаг. Төрийн өмчит байгууллагын ашиг буурч, удирдаж байсан хүмүүс шалгагдаж, хоригдох болсон нь ихэссэн. Өөрөөр хэлбэл ашгийг удирдлагын баг “хусчихдаг” юм биш биз.

 

Алдагдалтай ажиллаж байгаагийн бас нэг шалтгаан нь төрийн данхар бүтэц. Аль ч засгийн үед улиг болтол яригддаг ч шийдэгддэггүй энэ асуудал зарлагын үүдийг хангалттай нээж байгаа. Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 2012 онд 40 364 орон тоотой байсан бол 2015 онд 45 618 болж орон тоогоо 5254-өөр буюу 13 хувиар нэмэгдүүлсэн байна. Сайд, УИХ-ын гишүүн, даргын ах дүү, хамаатан садан гэх шахааны хүмүүс сандал ширээ эзэлж, цалин авдаг нь нууц биш. Мэргэжлийн бус туршлага, чадваргүй шахааны хүмүүсээр дүүрсэн байгууллагаас ашиг харах үнэндээ харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр.

 

Төрийн өмчит байгууллагууд алдагдалтай ажилласнаас үүдэж, чамгүй хэмжээний өрөнд оржээ.  2012 онд 3.5 их наяд төгрөгийн өртэй байсан байгууллагуудын өр 10.8 их наяд төгрөгт хүрчээ. Гурван жилийн хугацаанд өрийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар зөвхөн татварын өр нь 38.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Төр өөрөө өөртөө өртэй. Төлөгдөх нь тун эргэлзээтэй. Хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн алдаа, хариуцлагагүй байдлаас үүдсэн алдагдал, өр төрийн нуруунд хүнд ачаа болон үүрэгдэхээс өөрцгүй.

 

Тиймээс төрийн гэх сэтэртэй ч ашиг бус алдагдал авчирдаг байгууллагуудыг аврах ганц гарц нь хувьчлал хэмээн үзэж байна. Тухайлбал, “Монгол шуудан” ТӨХК-ийг  20 тэрбумаар, Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлах саналыг гаргаад буй. Ингэснээр 2017 оны төсөвт 50 тэрбум төгрөгийн орлого орно.

 

АН, МАН-ынхан төрийн өмчит байгууллагуудад ээлжлэн өөрсдийн хүнээ тавьж, дөрвөн жилийн хугацаанд алдагдлыг тэрбум тэрбумаар тоолж буй нь өнөөгийн дүр төрх. Бас алдаа, завхралыг нь биенийхээ муучлах шалтаг шалтгаан болгосоор байгаа үед юу ч өөрчлөгдөхгүй. Нэгэнт төрийн өмчит бүх байгууллагыг хувьчлах боломжгүй. Тиймээс удирдлага, зохион байгуулалтын зөв менежмент, оновчтой томилгоо хэрэгтэй байна.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин